Монголын жүжигчид дэлхийн тавцанд гарч, Холливудад хүртэл хөл тавиад байгаа. Жүжигчин Б.Амарсайхан “Марко Поло” кинонд тоглож, мэргэжилт нэгт нөхдөө Холливудын кинонд дүрээ үлдээх үүдийг нээж өгсөн. Мөн жүжигчин Р.Анхням Францын том найруулагчийн найруулсан “Чонон сүлд” кинонд тоглож, Азид, цаашлаад дэлхийд өөрийгөө харуулсан. Тэгвэл Монголын дуурийн дуучид дэлхийн хэмжээнд үнэлэгдэж эхэллээ. Ерөөсөө манай дуучид дэлхийн хэмжээний том наадамд оролцож, тэргүүн байр, Гран при шагналыг хамж ирэх болсон.
Тиймдээ ч манай дуучдыг дэлхийн бусад орнуудын урлагийнхан илүү их анзаарч, анхаарч, түрүүчээсээ том театрын гоцлол дуучнаар уригдаж эхэллээ. Тодруулбал, МУГЖ, Оросын холбооны Буриад улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Оросын алдарт “Марийнский” театрын үндсэн гоцлол дуучнаар ажиллахаар болсон. Тиймээс “Монголын мэдээ” сонин дуурийн урлагийнхныг “Долоо хоногийн дуулиант нөхөр” буландаа онцолж байгаа юм.
Тэр дундаа Монгол Улсыг Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг онцолж байгаа хэрэг. Тэрбээр Оросын алдарт “Марийнский” театрын гоцлол дуучнаар ажиллах болсон тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн бөгөөд “Энэ том театраар овоглох болсондоо маш их баяртай байна. Дэлхийн олон орноор тоглохдоо хамгийн түрүүнд Монгол, араас нь Марийнский театр, Улан-Үдийн театрын дуучин гэж зарлуулах болсондоо сэтгэл өндөр байна. Үргэлж дэмжиж байдаг багш нар болон найз нөхөд, бусад хүмүүст талархал илэрхийлье” хэмээсэн юм. Монголын дууны, дуурийн урлагийн төвшин дэлхийд дээгүүрт явааг тэрбээр ийнхүү нотлов. Орос өөрөө дуурийн эх орон. Гайхалтай уран бүтээлчид, дуучид, хөгжмийн том зохиолчид Орос орноос төрөн гарсан. Тийм агуу урлагийн түүхтэй орны том театрын удирдлагууд манай дуучныг урьж, гоцлол дуучнаар ажиллуулна гэдэг Монголын дуурийн урлаг ямархуу энтэй байгааг харууллаа.
Зөвхөн Г.Ариунбаатараар дуурийнхны гайхамшиг хэмжигдэхгүй. Хоолойн цар хүрээгээрээ гайхагддаг МУГЖ Ө.Уянга ч гэсэн хойд хөршийнхнийг байлдан дагуулж яваад ирсэн. Буриадын театрын76 дахь улирлын нээлт Ж.Пуччинийн “Тоска” дууриар эхэлсэн юм билээ. Харин гэнэн, итгэмтгий Тоскагийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга амилуулсан байна.
“Тоскагийн дүрдээ хамгийн хайртай” хэмээн ярих дуртай дуучин бүсгүйг “Тоскад дуулах гэж төржээ” гэж Буриадын үзэгчид шагшин биширсэн гэж байгаа. Буриад улс ОХУ-ын захиргаанд нэгдсэний 400 жилийн ойд зориулсан энэхүү тоглолтод нэр хүндтэй урлаг судлаачдыг урьсан ажээ. “Тоска” дуурийг үзсэн Москвагийн урлаг судлаач, тоймч Екатерина Гудкова ОХУ-ын сонгодог урлагийн том сайт болох“Operanews.ru”-д “Буриадын театр дахь Монгол хоолой” гэсэн гарчигтай нийтлэл бичиж. Нийтлэлдээ“Монголын дуучин Ө.Уянгын хоолойны өнгө, цар хүрээ нь гайхалтай аж. Тэрбээр хамгийн уйтгартай үзэгчийг ч өөртөө татаж, дуурьт анхаарахаас аргагүй болгодог чадварлаг дуучин юм. Миний харсан хамгийн үзэсгэлэнтэй Тоска бол Ө.Уянга байлаа” хэмээн бичиж. Энэ бол Монголын дуурийнхны чадвар хойд хөршийнхнийг гайхшируулж байгаагийн өөр нэг жишээ бол энэ.
Энэ мэтээр дэлхий нийтийг байлдан дагуулж, хоолойн цар хүрээгээрээ гайхагдаж байгаа дуучдын талаар бичээд байвал барагдахгүй. Монголд нэг хэсэг бөхийн спорт л хөгжиж байна. Тэднийг л шагнаж, урамшууллаа гэдэг хэл ам гардаг байсан. Тэгвэл сүүлийн үед энэ ялгаа ч ариллаа. Урлагийнхан, тэр дундаа дуурийнхан дэлхийн хэмжээнд өрсөлдөж, том наадмуудад түрүүлж, тэр хэрээрээ шагнал урамшлаа ч авч байгаа. Манай урлагийнхан Орост тоогдож, тэднийг гайхшируулж чадаж байгаа юм чинь дэлхийг байлдан дагуулах боломж байна. Сонгодог урлаг манайд хамаагүй юм шиг байдаг цаг үе байсан. Тэгвэл тэр цаг ард хоцорчээ.
Н.Болд