УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Хүнс хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр тэрбээр Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 4.4 тэрбум төгрөгийн зээл авсан "Түмэн шувуут" ХХК-ийн үйл ажиллагаатай УИХ-ын дарга танилцан, бүтээгдэхүүн болон зээлийн санхүүжилтийн үр дүнгийн талаар ярилцсан юм. "Түмэн шувуут" ХХК нэг ширхэг өндөгийг зах зээлд 250 төгрөгөөр нийлүүлж байгаа бөгөөд бүтээгдэхүүний савалгаа, үйлчилгээндээ анхаарч ажиллаж байгаа юм байна.
Нийт зах зээлийн 65 хувийг дотоодын үйлдвэрлэгчид хангаж байгаа бол үлдсэн 35 хувийг нь ОХУ-ын импортын өндөг эзэлдэг аж. Үндэсний компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлснээр ойрын 2-3 жилийн хугацаанд дотоодын өндөгний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой хэмээн тооцжээ. Тус компани зээлийн хөрөнгөөр орчин үеийн тоног төхөөрөмж, технологи бүхий тэжээлийн үйлдвэр ашиглалтад оруулаад байгаа юм байна. Дөрвөн тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий тэжээлийн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний 98 хувийг өөрийн аж ахуйдаа ашигладаг аж. Тэжээлийн үйлдвэрийн түүхий эдийн 45 хувь буюу эрдэнэ шиш, шар буурцагны шахмал, амин дэмүүдийг импортоор оруулж ирдэг бол үлдсэн 55 хувийг дотоодоос хангадаг байна.
Цаашид импортын түүхий эдийг дотоодоос хангах талаар судалгаа хийж, туршилтууд явагдаж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Ийнхүү тэжээлийн үйлдвэр ашиглалтад орсноор импортын тэжээл авснаас 18-20 хувийн хямд бөгөөд энэ нь зах зээлд нийлүүлэгдэх нэгж бүтээгдэхүүний өртөгт ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэлээ.
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд оролцох үеэрээ Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд тодорхой хэмжээний дэвшил гарсан байгааг онцолж байсан юм. Тэрбээр "Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэгчид шинэ түвшинд гарсныг "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнгээс харж болно. Савалгаа сайжирч, нэр төрөл олширсон байна. Өмнө нь байгаагүй шинэ бүтээгдэхүүнүүдийг хийдэг болж. ХХААЯ-аас лангууны үнийг нь төлөөд зохион байгуулж буй энэ арга хэмжээ ялангуяа сурталчилгаа хийж чаддаггүй жижиг үйлдвэрлэгч, компаниудад боломж олгож байна.
Энэ бол үйлдвэрлэгчид, аж ахуй эрхлэгчдээ төрөөс дэмжиж буй нэг хэлбэр. Органик бүтээгдэхүүн маш их байна. Зах зээлээсээ хол байгаа үйлдвэрлэгчид хамтраад, хоршоолол байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байгаагаа танилцууллаа, зээл дэмжлэг хэрэгтэй гэдгээ хэлж байна. Би өнөөдөр зөгийн балны аж ахуй эрхлэгчидтэй уулзлаа. Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээнээсээ 2 дахин их зөгийн бал үйлдвэрлэдэг болжээ. Үүнийгээ экспортлох гарц олох шаардлагатай юм байна.
Мөн импортын зөгийн бал дээр татварын зохицуулалт хийж эрх Засгийн газарт бий. Импортын бүтээгдэхүүнд 20 хүртэл хувийн татвар тавих зохицуулалтынхаа хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй" гэлээ.
Ж.Өөдлөн