Туркээс далайг гатлан ирэх дүрвэгсдийн урсгалд дарагдаад буй Грекийн Кос арлын эргийн бүсээс даавуунд боолттой нялх хүүхдийн цогцос олджээ. Энэ талаар Грекийн далайн эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн байна. 6-12 сартай гэмээр харагдах нялх хүүхдийн цогцос зочид буудлын өмнөх далайн эргээс олдсон бөгөөд цагаан өнгийн цамц, ногоон өмд өмссөн байжээ.
Одоогоор албаныхан хүүхдийг хог тээвэрлэх завинд сууж, Кос аралд ирсэн дүрвэгч гэр бүлийн хүүхэд гэж таамаглаж буй аж. Өнгөрсөн сард Туркийн эргээс гурван настай сири хүү Айлан Курдын цогцос олдож, дэлхий дахиныг цочирдуулж байсан билээ. Улмаар Европын холбоо дүрвэгсдийн асуудалд хандах байр сууриа ч өөрчлөхөд хүрсэн юм. Тэгвэл энэ удаа нэг нас ч хүрээгүй нялх хүүхдийн цогцос Кос арлын эргээс олдлоо.
Б.Даваа