10.05

Авто худалдааны захуудын түрээслэгчид нүүхгүй гэдгээ илэрхийлэв

Ашиглалтад орох хугацаанаасаа жилээр хойшилсон Нийслэлийн авто үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх зорилготой “Авто худалдааны цогцолбор”-ын эхний хэсгийг  өнгөрөгч ням гарагт  албан ёсоор нээсэн билээ. Улмаар авто худалдааны цогболборыг ашиглалтад оруулснаар “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг захуудын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж, удирдлага, түрээслэгчдэд нүүх албан бичгийг хүргүүлээд байгаа юм.

Тэгвэл Их тэнгэрийн хас Үндэсний нийгэмлэг болон авто худалдааны захуудын түрээслэгчид өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэдний зүгээс Авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэсэн байр сууриа илэрхийлж, авто худалдаа эрхлэгч таван захын түрээслэгчдийн  төлөөлөл“Их тэнгэрийн хас” Үндэсний нийгэмлэгтэй  нэгдэн бүрэн ашиглалтад ороогүй байгууламж руу түрээслэгчдийг албадан нүүлгэж, эдийн засгийн хохирол учруулах гэж байгааг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Их тэнгэрийн хас үндэсний нийгэмлэгийн тэргүүн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ “Анхнаасаа нэг зогсоол сая төгрөгийн үнэтэй байх байсан. Гэтэл ашиг олох сонирхлоор ард түмнийг хохироож, үнийг 4 сая төгрөг хүртэлх үнэтэй зогсоолыг барьж, хэвийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг нүүлгэх гэж байна” гэлээ. 

Харин өмгөөлөгч Г.Батбаяр “Анх барихдаа техник эдийн засгийн үндэслэлгүй, байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй зохион байгуулалттайгаар эхлээгүй. Үүнд мөнгө угаах, ашиглан шамшигдуулах гэмт хэргийн шинжтэй зүйл байна. Эхний захиалга өгсөн 800 хүнийхээ дарамт шахалтын дагуу Автохудалдааны цогцолборын зарим хэсгийн ашиглалтад оруулж, бусад авто худалдаа эрхлэгчдэд дарамт үзүүлж байна. Мөн үндсэн хуулийн 4.1 дэх  заалтыг ярьж, хүчээр гаргана гэсэн мэдэгдлийг хийж байгааг үл зөвшөөрч байна” гэсэн юм.  Мөн түрээслэгчдийн төлөөллүүд энэ үеэр бүрэн дуусаагүй цогцолбор руу нүүснээс ашиг орлого буурах эрсдэлтэй гэдгийг тэмдэглээд өвлийн хүйтэн ойртож буй энэ үед дулаан граашийн асуудал нь шийдэгдээгүй, хатуу хучилттай зам төдийхөн тавьсан, Улаанбаатар хотын хамгийн хүйтэн цэг рүү нүүхгүй гэдгийг тодотгож байлаа. 

Тухайлбал, Да хүрээ захад зогсоол түрээслэгч С.Төмөрчөдөрийн гэр Бага тойрууд байдаг аж. Улмаар тэрбээр Авто худалдааны цогцолбор төв рүү явахын тулд дор хаяж, нэг цагийн хугацааг зарцуулна гэдгийг хэлж байсан юм. Одоогоор Да хүрээ захад нэг машин нэг хонуулахад 2000 төгрөг сард 60 мянган төгрөг төлдөг бол Авто худалдааны цогцолбор төвд хоногийн 5000 төгрөг байгаа аж. Тэднийх банкнаас хоёр жилийн хугацаатай зээл авч, сард нэг сая 100 мянган төгрөг төлдөг байна. Гэвч хэрвээ Автохудалдааны цогцолбор төв рүү нүүвэл өвлийн турш бизнес нь зогсч, банкинд төлөх мөнгөө төлж чадахгүйд хүрч болзошгүй гэнэ. Нийслэлийн хэмжээнд 156 цэгт автомашин худалддаг.

 Үүний ихэнх нь зөвшөөрөлгүй, стандарт бус учраас нийслэлийн эрүүл ахуй дүрмийг зөрчдөг, хөрс агаар бохирдуулдаг, иргэдийн эрүүл орчин амьдрах эрхийг зөрчдөг хэмээн буруутгаад байгаа. Гэвч томоохон авто захууд Агаарын болон хөрсний бохирдолд нөлөөлж буй нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй байхад  нүүлгэх шийдвэр гаргаж буйг тэд эсэргүүцэж байна. Гэхдээ  Авто худалдааны цогцолбор бүрэн ашиглалтад орсон тохиолдолд нүүхэд бэлэн гэдгээ түрээслэгчид илэрхийлж байсаныг энд тэмдэглэх хэрэгтэй. 

Б.Даваа