Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн багш нар өчигдөр 13.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар ажил хаялаа. Тэдний тэмцлийн шалтгаан сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүнийг захирлаар нь томилох гэж байгаатай холбоотой юм байна.
Тэд өнгөрсөн сард ажлаа хийхийн хажуугаар тайван суулт зарлаж байсан юм. Учир нь багш, ажилчид 2010-2013 оны хооронд тус сургуулийн удирдлагааар ажиллаж байсан захирал Ш.Сарантуяаг дахин томилох гэж байгааг эсэргүүцэн ийнхүү ажил хаялт зарлажээ.
Тус сургуулийн багш нар өмнө нь 3 жил орчмын хугацаанд хамтран ажиллахдаа захирал асан Ш.Сарантуяаг удирдах ажилтны ёс зүйгүй, хамт олныг хагалган бутаргасан үйлдлийг удаа дараа хийсэн, үндэслэлгүйгээр багш ажилчиддаа хариуцлага тооцдог байсан гэж дүгнэж байгаа юм. Тиймээс ч багш нар 62 дугаар сургуулийн багш, ажилчид түүнийг ажлаас чөлөөлтөл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.