10.06

Оросын онгоц Туркийн хилийг зөрчсөн гэв

Туркийн Гадаад хэргийн яам өчигдөр нэгэн ноцтой мэдээллийг хийлээ. Тодруулбал, Сирийн хэт даврагч “Лалын улс” бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч эхлээд буй ОХУ-ын цэргийн нэг бөмбөгдөгч онгоц өнгөрөгч амралтын өдөр Сирийн хилийн ойролцоох Туркийн агаарын хилээр  хууль бусаар нэвтэрсэн байна. 

Улмаар Туркийн байлдааны F16 онгоц замын дундаас нь ОХУ-ын онгоцыг Туркийн агаарын хилээс хөөж гаргасан тухай мэдээллийг хүргэлээ. Туркийн Засгийн газар энэ хэрэгт ихэд эгдүүцэн Турк дэх ОХУ-ын Элчин сайдыг дуудан ирүүлж, “хүчтэй эсэргүүцэж” буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ дахин ийм зүйл давтагдвал хариуцлагыг нь ОХУ-д хүлээлгэнэ гэсэн хатуу мэдэгдлийг хийсэн байна. 

Туркийн Гадаад хэргийн яамнаас мэдээлж буйгаар Оросын онгоц энэ сарын 3-ны өдрийн шөнийн 00.08 цагт Туркийн өмнөд этгээдийн Хатай мужийн Яйладагыгийн өмнөд этгээдийн агаарын хилийг зөрчжээ. Энэ үед хилийн ойролцоо эргүүл хийж явсан Туркийн байлдааны F16 хоёр онгоц хариу эсэргүүцэл үзүүлж, Оросын онгоцыг Туркээс хөөж, Сирийн нутаг руу оруулсан аж.