10.06

В вирусын эсрэг хөнгөлөлттэй эмийн эмчилгээнд 5000 иргэн хамрагдана

ЭМСЯ, НИТХ, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Нийгмийн халамж үйлчилгээний газар болон Хаппи Веритас оношлогооны төв  хамтран  АНУ-ын эм үйлдвэрлэгч MYLAN компанитай гэрээ байгуулж, элэгний В вирусын эсрэг эмийн эмчилгээний “Амьжиргаа” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Хаппи Веритас төвийн менежер Г.Ганбатаас тодрууллаа. 

-Элэгний В вирусын эсрэг “амьжиргаа” төслийг  Монголын элэгний эмгэг судлалын холбоо Хаппи Веритас оношлогооны төв хамтран хэрэгжүүлэхээр болсон гэлээ. Энэ талаар тодруулаач?
-Төслийн нэр нь “Амьжиргаа”. Ерөнхийдөө В вирусын эсрэг эмчилгээний төсөл. Төслийн хүрээнд В вирусын эсрэг хамгийн үр дүнтэй Тенофовер эмийн эмчилгээнд хамгийн хямд үнээр монголчуудаа хамруулах боломжтой болж байгаа юм. “Тенофовер” эм 2010 оноос Монголын эмийн бүртгэлд бүртгэгдэж, хэрэглээнд нэвтэрсэн. Гэвч үнэ нь хэт өндөр учир  хүмүүс эмчилгээгээ таслах тохиолдол их байсан. Тиймээс нийгмийн аль ч төвшний хүн авч хэрэглэж чадахуйц хэмжээнд үнийг нь бууруулахын тулд ЭМСЯ, НИТХ, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Нийгмийн халамж үйлчилгээний газар болон Хаппи Веритас оношлогооны төв хамтран АНУ-ын эм үйлдвэрлэгч MYLAN компанид эмийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх хүсэлтийг  гаргасан юм. Харин MYLAN  компани хүсэлтийг нааштайгаар хүлээн авч, төсөл  хэрэгжээд эхэлж байна. Эмийн эмчилгээнд 5000 хүн хамрагдана. 

-Эм монголчуудын гар дээр хэчнээн төгрөгийн үнээр хүрэх юм бэ?
-Эм өмнө нь манайд 250 мянган төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан. Харин эмийг үйлдвэрлэгч компанитай гэрээ байгуулсаны дүнд монголчууд хамгийн хямд буюу 30 мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрдэж байгаа юм.  Өдөрт нэг ширхэг эм ууна. Тэгэхээр өдөрт мянган төгрөгийг эрүүл мэнддээ зориулж байна гэсэн үг. 

-5000 хүнийг хамруулна гэлээ. Ямар нэг шалгуур бий юу?
-Ямар нэг шалгуур  гэж байхгүй. Элэгний В вирустай нь тогтоогдсон хүмүүс  хамрагдана. MYLAN компанитай хийгдсэн гэрээ ёсоор  энэ шатанд 5000 хүнд эмийн эмчилгээ хийгдэхээр заагдсан. В вирустай гэдгээ шинжилгээгээр батласан хүн хөнгөлөлттэй үнээр  эмийг хэрэглэх боломжтой. 

-В вирусын эсрэг Тенофовер эмийн эмчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэн заавал  шинжилгээ хийлгэх ёстой гэж байна. Шинжилгээг хийлгэхэд хэдэн төгрөг шаардагдах вэ? 
-Энэ тал дээр шинжилгээний бизнесий дэмжсэн зүйл байхгүй гэдгийг шууд хэлье. В вирусын эсрэг эм тухайн хүнд таарах эсэхийг тогтоохын тулд заавал шинжилгээ хийлгэх ёстой. Шинжилгээг зөвхөн манай төвд бус, хаана ч хийлгэж болно. Шинжилгээнүүдийг бүгдийг нь хувийн лабораторид төлбөртэйгөөр хийлгэсэн тохиолдолд 330 мянга орчим төгрөг болно.  Мөн биохимийн шинжилгээ, эхо үзлэг зэрэг шилжилгээг  дүүргийн эмнэлэгтээ хийлгэчих юм бол шинжилгээний үнэ бага л тусна. Түүнчлэн, Нийгмийн халамжийн үйлчилгээний газартай хамтран энэ сарын 1-нээс өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-6 төвшинд багтах  1000 зорилтот бүлгийг элэгний хатуурлын зэргийг тогтоох шинжилгээнд үнэгүй хамруулж байгаа. Шинжилгээг энэ сарыг дуустал хийнэ. Одоогоор 250 орчим хүн хамрагдсан байна. Тэгэхээр эмзэг бүлгийн зорилтот иргэд илүү хямд үнээр шинжилгээгээ хийлгэх боломж бий. 

-Монголд В вирусын халдвар ямар хэмжээнд байна вэ. В вирус бүрэн устах боломжтой юу?
-Монгол Улсын нийт иргэдийн 10 хувь нь элэгний В вирусын халдвар тээж байна гэсэн судалгааны дүн бий. Элэгний хатуурлын 39 хувь нь В вирусын гаралтай байдаг. С вирус нь бүрэн устах боломжтой бол эсрэгээрээ В вирус бүрэн устдаггүй. Мөн элэгний Дельта вирус нь зөвхөн В вирустай хүнд л халддаг. Тиймээс  В, D вирус хавсарсан хүмүүст элэгний үрэвсэл, хатуурал, хавдар түргэн явагддагаараа аюултай байдаг. 

-Эмийн чанар, үр дүнгийн талаар  тодруулаач?
-Элэгний В вирусын эсрэг Тенофовер эмийн эмчилгээ дэлхий нийтэд хамгийн үр дүнтэй байгаа нь тогтоогдчихсон. Вирус устгах чадвар нь 93 хувь, Үрэвслийн эсрэг чанар 77 хувь, хатуурлын эсрэг чанар 74 хувь, Вирусыг бүрэн устгах чадвар гурван хувь, эмэнд дасал үүсгэхгүй байдлаараа дэлхийн анагаах ухаанд хэрэглэгдэж буй В вирусын эсрэг эмүүдээс хамгийн үр дүнтэй. Тиймээс энэ эмийг сонгож,  MYLAN компанитай гэрээ хийж, аль болохоор Монголын ард түмний авч чадахуйц хөнгөлөлттэй үнээр оруулж ирэхийг зорьсон юм.

-Төсөл хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Тухайн хүний онцлогоосоо шалтгаалж эмчилгээний хугацаа зургаан сар болон түүнээс дээш байдаг юм. Элэгний хатууралтай B, D вирус хавсарсан тохиолдолд эмийн эмчилгээ долоон жил хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Тиймээс эмчилгээнийхээ үр дүнг хянахын тулд төслийн хугацааг гурван жил байхаар тооцож байгаа. 

Б.Даваа