10.06

35 аж ахуйн нэгж, компани тендерт оролцох эрхээ хасуулжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар /ХААГ/-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. Тус газрынхан уг хурлаар дамжуулан өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, байгуулагдсанаас хойш гурван жилийн хугацаанд хийгдсэн ажлуудаа танилцуулахыг зорьсон аж. 

Түүнчлэн цахим худалдан авах ажиллагааны системийг боловсронгуй болгосон гэдгээ албаныхан онцолж байлаа. Уг системд шилжсэнээр 2013 онд улсын хэмжээнд 160 гаруй тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. Үүнд  720 орчим  санал орсноос нэг тендерт 4-5 оролцогч өрсөлджээ.  Үүнээс хойш Худалдан авах ажиллагааны газар /ХААГ/ нийт 1118 удаагийн тендэр шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, давхардсан тоогоор 3804 аж ахуйн нэгж цахим тендэрт оролцсон байна.

Энэ нь аж ахуйн нэгж, байгуулагуудын тендерт оролцох боломжийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон ажил гэдгийг албаныхан онцолж байв. Мөн тухайн байгууллагын урсгал зардал багасч, иргэд, аж ахуйн нэгж бүрт хүрч ажиллах “Нэг цонхны үйлчилгээ”-г бий болгосон аж. 

Түүнчлэн ХААГ нь гурван жилийн үйл ажиллагааны төсвийн 724 гаруй тэрбум төгрөгөөс  42 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн нь дээрх ажлын хэрэгжилт хэмээн үзэж болох юм байна. 

Мөн гэрээт ажлаа чанаргүй гүйцэтгэх, дуусгалгүй орхих, улсын комисст хүлээлгэж өгөхгүй байх зөрчлүүдийг таслан зогсоож, төсвийн хөрөнгийг чанартай зарцуулах, хөрөнгө оруулалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн 2014 оноос хойш  “Хар жагсаалт” буюу тендэрт оролцох эрхээ хязгаарлуулсан компаниудыг Сангийн сайдын тушаалаар зарлаж эхэлсэн аж. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар тендерийн бичиг баримт, нотолгоог хуурамчаар ирүүлэх, сүүлийн гурван жилийн хугацаанд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болон биелүүлээгүй зэрэг шалтгаанаар 35 аж ахуйн нэгж, компани  тендерт оролцох эрхээ хасуулжээ. Өөрөөр хэлбэл, уг жагсаалтад орсон аж ахуйн нэгж тухайн зөрчлийг гаргаснаас хойш гурван  жилийн хугацаанд төрийн худалдан авах ажиллагаанд аливаа нэг хэлбэрээр оролцох эрхгүй. Дээрх цахим худалдан авах ажиллагааны систем нь ч автоматаар хар жагсаалтад багтсан аж ахуйн нэгж, компаниудын мэдээлэл, бүртгэлийг хүлээн авдаггүй байна.

Т.Ариунбаяр