Өглөө эртлэн босч эмнэлэгт очихгүй л бол тухайн өдрөө шинжилгээ өгч, эмчид үзүүлнэ гэдэг туйлын хүндрэлтэй. Учир нь, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд миний бие хоёр өглөө дараалан 7.00 цаг гэж очоод ганц ч шинжилгээ өгч чадалгүй буцав. Төрийн алба хаагчдын ажил8.00 цагт эхэлдэг учир 7.00 цагт очиход шинжилгээгээ өгөхөд хангалттай хугацаа гэж бодож байсан минь талаар өнгөрсөн. Цусны шинжилгээ өгөхөөр 60 гаруй хүн дугаарлаад зогсчихож. Үүнээс 30 хүн л шинжилгээ өгнө. Үлдсэн хэд нь хий дэмий ажил, цаг заваа алдаад буцах жишээтэй. Энэ жил эрүүл мэндийн салбарын төсвийг танасан. Ингэснээр иргэдийн нуруун дээр ачаа нэмэгдэж буйг салбарынхан онцолж байгаа. Тодруулбал, өдөрт авах шинжилгээний тоо огцом багасч, хэвтэн эмчлүүлж буй өвчтөний ар гэрээс хэрэглэх эм, тариаг бэлтгүүлж байгаа гэнэ. Энэ талаар тус эмнэлгийн эрхлэгч Х.Батчимэгээс тодруулахад “Манай дүүрэг 280 мянга гаруй хүн амтай. Өдөрт 450-500 хүнд цахимаар дугаар өгч амбулаториор үйлчилдэг. Цус, шээс, БЗХӨ, биохими зэрэг шинжилгээг 200-250 хүнээс авна. Ачаалал хэрээс хэтэрсэн. Төсвийг танасан нь эмч төдийгүй өвчтөнд хүндрэл учруулж байна. Зайлшгүй тохиолдолд өвчтөнөөр эм, тариаг бэлтгүүлэх шаардлага тулгардаг” гэв. Бодит байдалтай танилцахаар эмчилгээний тасагт очлоо. Эргэлтийн цонх хавиар хоол цай, тортой хувцас барьсан хүмүүс дараалж, зорьсон хүнтэйгээ хэдхэн үг солиод эргэх аж. Харин эмнэлгийн хонгилоор сувилагч эм тарианы тавиураа түрээд тасгуудаар орж өвчтөнд эмчилгээ хийгээд явж байлаа. Энэ үеэр тасгийн эрхлэгч Ш.Долгороос зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жил эрүүл мэндийн салбарын төсвийг танасан. Зарим эмнэлэг өвчтөнөө эмчлэх эм тариагүй болж байна гэх юм. Танай эмнэлэгт ямар байна вэ?
-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад эмийн төсвийг нэмээгүй. Харин ч танасан. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүддээ эмчилгээг нь таслахгүй хийж байна. Яг шаардлагатай эм, тариаг нь хэрэглэж чадахгүй л байна. Өвчтөнөөр шаардлагатай эм, тариаг нь бэлтгүүлдэг. Элэгний туслах эмчилгээг хийж чадахаа больсон. Өнгөрсөн онтой харьцуулахад хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний тоо нэмэгдэж байгаа.
-Танай эмнэлэг өдөрт хэчнээн өвчтөн хүлээн авах хүчин чадалтай вэ?
-Манай эмнэлэг 150 ортой. Нэг тасагт л гэхэд өдөрт 20 орчим хүн хэвтдэг. Архины хордлоготой согтуу хүмүүс ирснээр эмийн зардал нэмэгдэж байна. Арванхоёрдугаар сар гэхэд эм, тариа тасраад, эмчилгээгүй болно гэв. Эмнэлгийн ор, төсөв хүрэлцээ муутай гэдэг ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа. Энэ салбарыг өөд нь татахаас илүүтэйгээр уруудуулан доройтуулах шийдвэрийг төр, засгийн удирдлагууд гаргадаг нь нууц биш. Уг нь эрүүл мэндийн салбарыг өмнө нь эрүүлийг хамгаалахынхан гэдэг байсан. Гэтэл өнөөдөр тэд маань эрүүлжүүлэхийн ажилтан болон хувирсан гэхэд хилсдэхгүй. Хоёр жилийн өмнөөс архинд донтсон, хордлогод орсон иргэдийг дүүргийн эмнэлгийн Яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчилж эхэлсэн. Энэ нь тухайн үед энгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч өнөөг хүртэл бахь байдгаараа л байна. Өвчиндөө шаналж эмчилгээ хийлгэж байгаа хүнтэй согтуу хүнийг нэг тасагт хэвтүүлэн эмчлэх нь хүндрэлтэй байдгийг сувилагч Б.Наранцэцэг онцолж байв. Тэрбээр “2015 он гарсаар 1362 хүнд архины хордлогын эсрэг эмчилгээ хийсэн. Эдгээр хүмүүс ихэвчлэн 103-аар хүргэгдэж ирдэг. Бас эрүүлжүүлэх, гудамжнаас авчирсан хүмүүс дийлэнх хувийг эзэлнэ. Хордлого тайлах болон онош тодруулах үүднээс нарийн мэргэжлийн шинжилгээг хийдэг. Хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлдэг.
Сүүлийн жилд эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эхчүүд ирэх нь ихэссэн. Эдийн засаг хүндэрч байхад энгийн өвчтөнд зарцуулах эм тариаг эдгээр хүмүүст зарцуулж байгаа нь үнэхээр хэцүү санагддаг. Он гарсаар согтуу хүмүүст бараг хоёр сая шахуу төгрөгийн эмчилгээ хийсэн. Өвлийн улиралд ирэх согтуу хүний тоо огцом нэмэгддэг. Одоогийн байдлаар өдөрт 7-10 хүн ирж байна” гэв. Биднийг ийн ярилцах зуур“Би эмчилгээ хийлгэхгүй. Явмаар байна. Надад тариа битгий хийгээд бай” гэсэн үгс хаалга нь онгорхой өрөөнөөс хадах аж. Учир байдлыг тодруулахаар тэр өрөөнд ортол сувилагч103-аар хүргэгдэж ирсэн согтуу нөхөрт үзлэг хийж, даралт, зүрхний цохилт зэргийг хэмжиж байлаа. Гэрийнхэнтэй нь холбогдох дугаарыг асуухад мань эр ямар ч хариулт хэлсэнгүй. Харин ч чангаар дуулж, сувилагчийн гарыг түлхэж, үзлэг хийхэд нь эсэргүүцэн загнаж байлаа. Сувилагч хариуд нь тайвшруулж, чимээгүй байхыг сануулав. Учир нь, хажуугийн өрөөнд нь хүнд өвтөнүүд бий гэнэ. Ийм дүр зураг өдөр бүр, цаг тутамд тулгардаг гэдгийг тэрбээр хэлж байв. Хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд согтуу эрээс сэжиглэн ихэд бухимдах аж. Эмч, сувилагч эмнэлгийн ажилтнуудад уурлан “Та нар наад согтуугаа гаргаач.Цагдаа дуудаж өг. Өвчтэй хүний дэргэд согтуу хүн авчирч чарлуулаад байх юм. Шээчихсэн юм биш үү. Ямар муухай үнэртэй юм бэ. Архичин, өвчтөн хоёроо ялгадаггүй юм уу” гэх зэргээр загнаж байв. Нээрэн ч хэдэн өдөр уусан нь мэдэгдэхээргүй архины нэвширсэн үнэр, нас биед хүрчихсэн хүний шээс хамар цоргиж байхад хэн таатай хандах билээ. Тэгээд ч хамгийн цэвэр байх учиртай эмнэлгийн байранд энэ үйл явц болж байхад олон нийт бухимдахаас өөр ямар ч аргагүй.
С.Ичинхорлоо