10.07

Автобусаар найман настай хүүг мөргөж гэмтээлээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр нийт 365 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  309  дуудлага бүртгэгдсэн байна. 

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Цагдаагийн Академийн гудамж ХСИС-ийн урд замд Приус маркийн авто машины жолооч Б нь марк дугаар тодорхойгүй авто машинтай мөргөлджээ. Улмаар жолооч 37 настай Б болон зорчигч гурван настай эмэгтэй М нарын хоёр хүн гэмтсэн байна. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Хадгайтын зам зургадугаар гудамжны зүүн замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн “Daewoo BS”  маркийн автобусны жолооч О нь явган зорчигч найман настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн байна. 

Цас орж хальтиргаа гулгаа ихээр үүсч байгаатай холбоотой хөдөө орон нутгийн зам, 52-ын даваа, Айдасын даваа, Найлахын зам, Баян хошууны зам зэрэг өгсүүр замуудад замын нөхцөл байдал хүндэрч байгаа аж.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүрэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл, зорчих хэсгийн гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна. 

Ж.Өөдлөн