10.07

Ирэх онд 454 хүн төрийн албанаас гарч лааз өшиглөх үү

Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн төсөлд тусгаснаар Засгийн газрын бүтцийг цөөлөх бодлого УИХ-ын дэмжлэгийг хүлээж авбал, одоо байгаа 15 яамыг зургаагаар цөөлж, 2016 оны наймдугаар сарын 1-нээс Монгол Улсын Засгийн газар есөн яамтай ажиллах юм байна. Тодруулбал, Засгийн газрын бүтцийг өөрчлөхдөө ерөнхий чиг үүргийн дөрвөн яам буюу Байгаль орчин, хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, чиглэлийн яамд нь Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам, Дэд бүтцийн яам, Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам байхаар өөрчилжээ. Энэхүү өөрчлөлтөөр Эрүүл мэнд, спортын яамыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэж, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам болгон, төсвөө хэмнэх гэнэ. Мөн Хөдөө аж ахуйн яамыг Аж үйлдвэрийн яамтай, Барилга хот байгуулалт, Эрчим хүч, Зам тээврийн яамдыг нэгтгэн Дэд бүтцийн яам болгон өөрчилжээ. Ингэснээр 2016 онд 454 хүнээр төрийн алба цөөрч, 1.6 тэрбум төгрөг хэмнэгдэнэ гэж тооцож. Ингэснээр ирэх онд 454 хүн төрийн албанаас гарч лааз өшиглөх бололтой. 

    Харин өнөөдөр Сангийн сайд Б.Болор мэдээлэл хийх үеэрээ “Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороотой нэгтгэхээр төлөвлөсөн бол Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг тус бүр татан буулгахаар Засгийн газар тооцжээ. Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийг халамжийн хэлтэстэй, мөн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх санг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай нэгтгэх бол Ашигт малтмалын газар, Газрын тосны газар зэрэг Засгийн газрын агентлагуудын орон тоог цөөрүүлнэ” гэсэн юм. 

Н.АЗ