10.07

Иргэний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзжээ

Өнөөдөр хуралдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтуудын холбогдох хэсгийн үйлчлэлийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болжээ.

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.4, 33 дугаар зүйлийн 33.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн заалтаар барьцаалуулагч буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь барьцааны зүйлийн өмчлөлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, давхар барьцаалах болон бусад төрлийн гэрээ, хэлцэл байгуулах, өмчлөлийн газар дээрээ барилга байгууламж барих эрхээ хэрэгжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авахаар зохицуулсан байна. Өмчлөгчийн эрхийг хязгаарлаж, барьцаалагчид давуу байдлыг бий болгосон хуулийн энэхүү зохицуулалт нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн байна гэж үзэж Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрийг гаргажээ.