Сүүлийн хоёр өдөр нийслэлийн ихэнх иргэд ажил, хичээлээсээ хоцров. Тэднийг ийнхүү ажил, хичээлээс нь хоцруулсан “буруутан” нь нийтийн тээврийнхэн байж таарсан юм. Учир нь нийслэлчүүдийг огтхон ч мэдээгvй байхад нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд ажилт хаялт зарласан нь энэ. Уг нь нийслэлийн нийтийн тээвэрт том оврын нийт 1000 орчим автобус иргэдэд үйлчлэх ёстой. Гэтэл өчигдрийн байдлаар “Зорчигч тээврийн нэтгэл” ОНӨААТҮГ-ын автобусууд болон “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” компаниудын 430 тээврийн хэрэгслэл үйлчилгээнд гарсан байна. Өөрөөр хэлбэл, том оврын автобуснуудын тал хувь нь ажилдаа гарсан гэсэн үг.
Тэгвэл энэхүү ажил хаялт өнөөдөр ч үргэлжилж байна. Өнөөдөр автобусны буудал дээр унаа хүлээсэн иргэд багагүй бухимдалтай байлаа. Өчигдөр Нийтийн тээврийн газрын удирдлагууд автобусны компанийнхантай уулзсан боловч шийдэлд хүрч чадаагүй аж. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр болсон. Нийслэлийнхэн нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж байгаа бөгөөд уг ажлыг хариуцсан “Улаанбаатар смарт карт” компанийнхан хувийн хэвшлийнхний орлогыг хурааж авчихаад, буцааж өгөхдөө нийт орлогоос нь 50-60 хувиар дутаасан хэмээн хувийн компанийн эзэд шүүмжлээд байгаа билээ.
Ийнхүү том оврын автобусныхан ажил хаялт зарласнаас өглөө ажил, хичээл, албандаа яарсан иргэдийн ачаалал, замын түгжрэл ч нэмэгдээд байна. Үе үе нийтийн тээврийнхэн ингэж нийслэлчүүдийг явгалдаг жишиг тогтох нь. Учир нь төрийн өмчит компаниудынх нь жолооч, кондукторууд цалин нэм гэж ажил хаяна. Өнгөрсөн хавар л гэхэд цалингаа нэмүүлнэ, даргаа солиулна гэж шахсаар байгаад нэг хүслээ биелүүлж, санаагаа амраасан. Гэтэл уувийн хэвшлийнхэн нь элдэв татаас, мөнгөө өг гэж шалаад зогсолт хийчихнэ. Ингэхдээ бүр ажил хаяхаа мэдэгдэхээ ч мартчихна. Үндсэндээ нийтийн тээврийнхэн хэт давраад байх шиг. Харин ажил хаяж, зогссон нөхөд техник, сэлбэг хэрэгслэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй, дампуурахад ойрхон байна гэх тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, шөнө орсон цас, бороогоор халхавч хийн техник, хэрэгсэл муу, замын нөхцөл хvнд учраас зогсолт хийсэн гэж тайлбарлаж байгаа юм. Гэвч үнэн хэрэгтээ цаг агаарын нөхцөл байдал ийн муудна гэдгийг албаныхан урьдчилан мэдэгдчихээд байхад автобус компанийнхан гэнэт ажил хаясан нь санаатай үйлдэл гэхээс аргагүй.
Тэгвэл ажил хаягсад “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудтай уулзсан бөгөөд смарт картны мөнгө нийтийн тээврийн компаниудад очихгүй байгаа бололтой. Ухаалаг системтэй болгох гэсэн нь нийтийн тээврийн үйл ажиллагааг улам бүр дордуулж, хувийн хэвшлийнхний халаасыг түнтийлгэх арга болгон хувиргасан болох нь харагдаж байна гэсэн үг. Тэгэхээр ашиг харж, аалзны тор мэт сvлжилдсэн автобус компаниуд болон үйлчилгээг нь хянах учиртай байгууллагуудын уялдаа холбоогүй өнөөдөр ч цэгцрээгүй байна. Ямартай ч энэ бүхнээс иргэд л хохирч үлдэж байна. Тэгэхээр энэ явдал дахин давтагдахгvй гэх баталгаа алга.
Г.НАРАН