Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэр Шүүхийн ерөнхий зөвлөлд өмгөөлөгч Ц.Баасандоржийн эсрэг гомдол гаргажээ.
Тэрбээр “Ц.Баасандорж нэр төрд халдсан” гэх үндэслэлээр өргөдөл гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаад өгч шалгуулахаар өчигдөр шилжүүлэв.
“Нүүрс” хөтөлбөрийн Л.Гансүх нарыг шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байна. Учир нь, Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байсан юм.
Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч энэхүү хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан. Харин Х.Идэр шүүгч нэр төрийг нь гутаан доромжилсон гэж үзээд ийнхүү гомдол гаргаж, хуулийн байгууллагад шалгуулахаар шийджээ.