03.19

Засгийн газрыг огцрохыг шаардлаа

Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр сөрөг хүчингүй “Шийдлийн” Засгийн газрын үйл ажиллагааг эрс шүүмжилж байгаагаа мэдээллийн эхэнд онцолсон юм.  Тодруулбал, шийдлийн Засгийн газар байгуулагдсан цагаас хойш зоримог шийдлүүд хийхгүй явсаар 100 хоногтойгоор золгож буйг шүүмжилж байгаа юм байна.  Тэрбээр “Энэ Засгийн газар зөвхөн өр тавих, уул уурхайн том төслүүдээ хөдөлгөх нийдлээр гадаадын хөрөнгө оруулагч нар найр тавих алхамуудыг шат дараалалтай явуулж байгаа нь тодорхой харагдаж байна” гэлээ. Мөн Тавантолгой төслийг гадныханд өгч, харин монголын иргэдэд ямар ч өгөөжгүй хувилбараар шийдэхийг улайрч байна гэсэн юм. 

 

           Түүнчлэн УИХ-д суудалгүй намууд нэгдэж “Шийдлийн” Засгийн газарт дээрх асуудлаар шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу нь ирээгүй гэнэ.  Тиймээс “Шийдлийн” Засгийн газрыг эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ умартсан гэж огцрохыг шаардаж байгаагаа энэ үеэр дуулгасан.  Мөн Монгол Улсад эдийн засаг, улс төрийн хямрал нүүрлэсэн  хэмээн үзэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ыг тарахыг мэдэгдлээ.  Энэхүү шаардлагыг цааш тавих болно хэмээн тус намын дарга О.Бум-Ялагч онцоллоо.

Д.Анар