10.08

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын хурал болж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, референт Ө.Ундрах нар Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо(ОУЗХ)-ны Ээлжит 12 дугаар Олон Улсын Бага Хурлыг тохиолдуулан болж буй ОУЗХ-ны Товчооны хуралд оролцлоо. Товчооны хурал 2015 оны 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Мексикийн Нэгдсэн Улсын Мерида хотноо болсон юм. 
Товчоо нь тус хорооны удирдах зөвлөл бөгөөд Товчооны хурал жилд хоёр удаа болж, ОУЗХ-ны гол бодлогын шийдвэрүүдийг гаргадаг онцлогтой юм. 

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы дарга бөгөөд ОУЗХ-ны Товчооны гишүүний хувиар анх удаа энэ хуралд оролцож, бүс нутгийг төлөөлж байр суурь илэрхийлж байна. Тэрбээр энэ удаагийн хуралд АНДЧ-ны өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан, 2015 оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулсан АНДЧ-ны 20 дугаар ээлжит хурлын үр дүн, ОУЗХ-ны зарим сонгуульт албан тушаал, байр сууринд бүс нутгийг төлөөлөн суух гишүүдийг сонгосон томилгоо зэрэг сүүлийн үед шинэ тутам гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Үүний дотор ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг ОУЗХ-ны Бизнес ба хүний эрхийн ажлын хэсгийн гишүүнээр АНДЧ-ны Удирдах Зөвлөлийн гишүүдээс санал нэгтэйгээр сонгогдсон болон Йорданы Вант Улсын Хүний эрхийн Үндэсний Төвийн Ерөнхий Комиссар доктор Муса Бурайзат ОУЗХ-ны Магадлан Итгэмжлэх Дэд Хороонд бүс нутгийг төлөөлөн суухаар сонгогдсон зэрэг асуудал орсон юм. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн албан томилгоог Бизнес ба Хүний эрх Ажлын Хэсгээс хийсэн мэдээллээр давхар баталгаажуулав. 

МИДХ-ны гишүүний нэр дэвшигчид АНДЧ-ны бүсээс хийсэн сонгуулийн үр дүнтэй холбоотой маргаан ОУЗХ-ны 12 дугаар Бага Хурлын бэлтгэл ажлын үед гарсан боловч, уг сонгуульт албан тушаалд өрсөлдөгч талууд болох Палестин болон Йорданы ХЭҮБ-уудын удирдлагууд, АНДЧ-ны Нарийн бичгийн дарга нарын газрын удирдлагыг оролцуулан АНДЧ-ны дарга Ж.Бямбадоржийн удирдан явуулсан зөвшилцлийн үр дүнд Палестины Хүний эрхийн Хараат Бус Комисс 2015 оны 2 дугаар хагасыг дуустал МИДХ дахь АНДЧ-ныг төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлж, 2016 оны эхний хагасаас эхлэн хоёр жилийн хугацаанд Йорданы Вант Улсын Хүний эрхийн Үндэсний Төв уламжлан авч хэрэгжүүлэхээр болсон билээ. Бүс нутгийн уг шийдвэрийг Товчоо дэмжин хүлээн авав. 

10 дугаар сарын 8-ны өдөр Олон Улсын Зохицуулах Хороо(ОУЗХ)-ны Ээлжит 12 дугаар Олон Улсын Бага Хурал нээлтээ хийж, 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.