Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн ОХУ-ын Новосибирск хотод хийсэн албан айлчлал маш ажилч хэрэгч байдалд өндөр үр дүнтэй боллоо гэж талууд дүгнэлээ.
Новосибирск бол Монголчуудтай уламжлалт сайн хөршийн харилцаатай, цаг агаарын хувьд ижил төстэй, Сибирийн бүсийн аж үйлдвэр, шинжлэх ухаан, тээвэр ложистикийн зангилаа хот юм. Тус хот газарзүйн байрлалын хувьд ОХУ-ын төв хэсэгт 503,1 кмкв талбайг эзлэн оршдог 1 300 000 хүн амтай, ОХУ-даа газар нутгийн болон хүн амын тоогоороо эхний гуравт ордог том хот юм. Новосибирск хотод шинжлэх ухааны судалгааны, зохион бүтээх технологи болон төслийн хүрээлэнгүүдээс бүрдсэн ОХУ-ны ШУА-ийн 3 тусгай салбар нь байдаг юм байна.
Засаг даргын айлчлалын хүрээнд Новосибирск Улаанбаатар хотуудын уламжлалт найрсаг хөршийн харилцаа “Ах дүү хот”-ын харилцаагаарсолигдож, талууд харилцан “Төлөөлөгчийн газар”-аа нээх, бүх салбарт тодорхой төслүүд дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ. Новосибирск хотын дарга ноён А.Е.Локотийн хэлсэнчлэн яриа хэлэлцээрээ цаг алдалгүй ажил хэрэг болгохыг ажлын хэсгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгаланд даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.