10.09

Хохирогчийн биеийн байдал дээрдэж, ухаан оржээ

Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-т ажилладаг байсан эмэгтэй даргадаа зодуулж, хүчирхийлүүлж, хүнд бэртэл гэмтэлтэйгээр ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хохирогч эмэгтэйн хувьд хэд хэдэн хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь дээрдэж, ухаан орсон байгаа гэнэ. 

Эмчлэгч эмч нарынх нь хувьд сэтгэл зүйд нь өөрчлөлт орох вий гэдгээс ихэд айж, болгоомжилж байгаагаа ар гэрийнхэнд нь дуулгажээ. Засаг даргын орлогчтойгоо хувийн харилцаатай байсан түүнийг хөдөө айлд хууран мэхэлж авчраад улмаар архи хүчээр уулгаж, дараа нь зодож тамласан байдаг. 

Сэжигтэн Б.Ханбаатарын хувьд хардалтын улмаас энэ хэргийг үйлдсэн бөгөөд тухайн үед тасартлаа архи уусан байсан учир юу ч санахгүй байгаагаа мэдүүлжээ. Уг хэрэгт хоёр этгээдийг сэжигтнээр шалгаж байгаа бөгөөд нэг нь хоригдож, нөгөө нь батлан даалтад гадуур байцаагдаж байгаа юм.