Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын 25-наас эхлэн зохион байгуулж эхэлсэн билээ. Энэхүү аяны гол зорилго нь иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлэхэд оршино.
Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа шалтгаан, нөхцлийг бодитойгоор тодорхойлж, урьдчилан сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулахын зэрэгцээ иргэд олон нийтийн дунд байдаг гэр бүлийн маргааны талаарх хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хамгийн ихээр татагдсан 33 хороог сонгон авч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтад хамруулах, гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрх ашиг нь хохирсон иргэдийг хамтарсан багийн хяналтад авч эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ зохион байгуулах ажээ.