Засгийн газрын тогтоолоор, “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулсныг уг дугаарт нийтэлжээ. Мөн дугаарт “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Энэ хороо нь Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий үндэсний зөвлөлдөх /орон тооны бус/ байгууллага мөн гэдгийг энэ дүрмээр нотолж, хорооны бүрэлдэхүүн ямар байх, хорооноос хэрэгжүүлэх чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой зааж өгсөн байна. Үүнээс гадна үндэсний хорооны хуралдааныг хэрхэн зохион байгуулж хийлгэх, ажлын албаны чиг үүргийг тодорхойлж өгсөн байна.
Эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтлэв. Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Цэц гаргажээ. Тиймээс энэ заалтыг холбогдох хуульд заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.