10.12

Математик, физикийн уралдаанд тэргүүлсэн суралцагчид БНСУ-д суралцана

Шинжлэх ухаан технологийн чиглэлээр БНСУ-ын Улсан хотын Шинжлэх ухаан технологийн институтад оюутан, сурагч элсүүлэн суралцуулах уралдааны шалгаруулалтыг ШУТИС-ийн ахлах сургууль зохион байгуулах гэж байна. Тус уралдаан математик, физикийн төрлөөр зохион байгуулагдах юм. Математикийн уралдааныг хоёр дахь удаагаа зохион байгуулах бол физикийн уралдаан анх удаагаа зохиогдоно. 
Уралдаанд Монгол Улсын их дээд сургуулиудын нэгдүгээр дамжааны оюутан, ахлах сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд гурван үе шаттай явагдах ажээ. Уралдаанд оролцогчдын бүртгэлийг энэ сарын 5-наас ШУТИС-ийн Ахлах сургууль дээр бүртгэж эхэлсэн байна. Бүртгэл энэ сарын 25-нд дуусах юм. 
Математик, физикийн уралдаан тус бүрт эхний гурван байрт шалгарсан оюутан, сурагчдыг БНСУ-ын Улсан хотын Шинжлэх ухаан технологийн институтад 100 хувийн тэтгэлгээр элсүүлэн суралцуулах аж. Мөн уралдаанд шалгарсан оюутан сурагчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал дагалдах юм байна.