Хэл амтай, хэрүүл тэмцэлтэй батлагдсан Өршөөлийн тухай хуулийн гол хоёр заалт хэрэгжиж чадахгүй, гацсан байдалтай байгаа юм. МАН-ынхан хуулийн хэрэгжилтийг эсэргүүцэж тав хоногийн завсарлага авсан билээ. Эл хууль хэрэгжиж эхлэхийг хүлээсэн ялтнууд наранд гарч чадахгүй нарсандаа өвөлжихдөө хүрээд байгааг зарим нэгэн хүмүүс шүүмжлээд байгаа юм.
Тэгвэл Өршөөлийн тухай хууль яагаад саатсан талаар албаныхан ярихдаа “Өршөөлийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны түвшинд процедурын алдаа гарсан. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа зүйл заалт бүрээр тавьсан. Энэнийх нь дагуу хоригийг хүлээж авах эсэхийг шийдэхдээ зүйл заалт бүрээр хураасан. Өршөөлийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэж, санал хураахдаа нийт 11 зүйл заалтаар санал хураасан боловч түүнийгээ чуулган руу оруулахдаа Өршөөлийн хуулийг баталъя гэдэг нэгхэн санал хураалтаар явуулна гэдэг асуудлыг ярьсан. Энэ нь алдаа болсон гэдгийг Хууль зүйн байнгын хороо хүлээн зөвшөөрсөн. Үүнийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч Байнгын хорооны даргын томилгооны асуудлаас болж хуралдаж чадаагүй завсарлага авсан. Байнгын хорооны даргаа хурдан шийдээд Өршөөлийн хуульд оруулах өөрчлөлтийг зүйл заалтаараа батлаад явах. Өөрөөр хэлбэл, уг хууль зүйл заалтаар батлах юм бол хэн, ямар санал өгч байгаа нь ил тод харагдана” гэлээ.