10.14

Израилын байдал хурцадлаа

Израильд сүүлийн үед хэд хэдэн удаа зэвсэгт халдлага гарсантай холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өчигдөр “Дахин террорист халдлага гаргахгүй” гэх хатуухан мэдэгдлийг хийлээ. Иерусалим хотноо нэг өдөрт хүйтэн зэвсэг ашигласан халдлага дөрвөн ч удаа гарч, энэ нь эрх баригчдын шүдний өвчин болоод байсан юм. 

Учир нь палестинчууд болон Израилын армийнхны хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн гарч, үүний улмаас олон хүн амь насаараа хохирсон байдаг. 

Тухайлбал, мөргөлдөөний үеэр палестины талаас насанд хүрээгүй хүүхдүүд ихэвчлэн амиа алдсан нь палестинчуудын уур бухимдлыг төрүүлж, сүүлийн үед хэд хэдэн ноцтой халдлагууд гарсаар байгаа нь Израилын эрх баригчдыг түгшээж байгаа тухай олон улсын мэдээллийн агентлагууд дамжуулжээ.  Израилын армийнхны үйл ажиллагаанд уурлаж, хорссон палестинчууд Израилын хяналтад буй зүүн Иерусалйм болон Палестины автономит улсын Иордан голын баруун эрэгт эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байгаа аж.

Харин Израилын Засгийн газар эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнтэй тэмцэж буй ч, байдал намжина гэсэн найдвар харагдахгүй байгаа гэнэ. Нөгөө талаар энэ сарын 3-ны өдрөөс хойш хутга гэх мэт хүйтэн зэвсэг ашигласан нийт 18 халдлагын хэрэг гарч, Израилд ноцтой байдал үүсээд байгаа юм байна.  Тодруулбал, эдүгээг хүртэлх халдлага, мөргөлдөөнөөр Израилын талаас хоёр хүн амиа алдсан бол өчигдөр халдлагад өртөж хүнд гэмтсэн 13 настай хүүг оруулаад нийтдээ ойролцоогоор 20 хүн гэмтэж бэртээд буй аж. Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдлийнхээ үеэр өнгөрсөн хугацаанд үүссэн эмх замбараагүй байдлыг хэрхэн таслан зогсоосоноо иш татаж, хутгатай терроризмын эсрэг ч гэсэн тэмцэхээ мэдэгджээ. 

Гэвч аюулгүй албаны ажилтнууд хутгатай халдлагын хэргийн гаралтыг таслан зогсоож чадахгүй байгаа юм. Ийм төрлийн гэмт хэргийг ихэвчлэн залуучууд үйлдэж байгаа юм байна. Тухайлбал, өнгөрөгч даваа гарагт 18 настай  Палестины иргэн Иерусалим хотын цагдаагийн алба хаагчид руу хутга барин дайрч, таван хүнийг хутгалжээ. Улмаар хэрэгтэн цагдаагийн алба хаагчдад буудуулж амиа алдсан байна. 

Энэ үеэр нэг энгийн иргэн шархаджээ. Түүнчлэн халдлагын үеэр хоёр хүүхэд хутгалуулсан бөгөөд 13 настай хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа аж. Цагдаагийнхны хэлж буйгаар Иерусалим хотын цагдаагийн төв байрны ойролцоо уг хэргийн дараа нэгэн эмэгтэй цагдаагийн алба хаагчид руу хутга барин дайрсан хэрэг мөн гарчээ. Харин цагдаа нар галт зэвсэг ашиглаж, хэрэгтэн эмэгтэйг шархдуулсан байна. 

Мөн үүний дараа зүүн Иерусалимын цэцэрлэгт хүрээлэнд палестин гаралтай хоёр хүү Израилын хоёр иргэн рүү хутга барин дайрсан хэрэг гарсан байна. Хэргийн үйлдсэн хөвгүүд ердөө 13 болон 17 настай байжээ. Гэмт хэрэгтэн болох 17 настай хүү хэргийн газраа цагдаа нарт буудуулж амиа алдсан бол 13 настай хүү хүнд гэмтэн эмнэлэгт байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар хохирогчдын дундаас  нэг жүүд хүн, ганцаараа машин жолоодож явсан 13 настай хүүхэд, 25 настай нэг иргэний биеийн байдал туйлын хүнд байгаа гэнэ.  Улмаар нар жаргах үед Иерусалим хотыг чиглэн явж байсан автобус руу Араб гаралтай эрэгтэй халдаж, цэргийн нэг алба хаагчийг шархдуулж, өөрөө тухайн газарт үүрэг гүйцэтгэж явсан цагдаад буудуулж нас барсан байна. Ийнхүү нэг өдрийн дотор дөрвөн ч удаагийн хүйтэн зэвсэгтэй террорист халдлага гарчээ. 

Палестины хүний эрхийн “Ал Хак” байгууллага гэмт хэрэг үйлдсэн палестины иргэдийг зэвсэглэсэн цагдаагийн ажилтнууд бүсэлд хүн үхэлд хүргэсэн гэмт хэрэг үйлдээгүй байсан ч, буудан хөнөөж байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.  Энэ мэтээр энэ сар гарсанаас хойш Иерусалим хотод Палестин иргэд Израилийн цэрэг, цагдаагийн албан хаагчид руу хутгатай дайрах  хэргүүд ар араасаа гарах болжээ. Энэ бүхний учир нь Палестин иргэдийн дунд Израилийн эрх баригчид Баруун Иерусалимд шашны хориг тогтоох тухай хэлэлцэж байгаа гэсэн цуурхал гарсантай холбоотой гэнэ. Үүнээс өмнө палестин иргэд хоёр ч удаа Израильчуудын эсрэг зэвсэг барин бослого гаргаж байжээ. Нэг нь 1980-аад оны үед болсон бол нөгөө нь 2000-аад оны эхээр болсон байна.  

Зарим ажиглагчдын үзэж буйгаар одоо гурав дахь удаагийн бослого эхэлж байж болох гэнэ.  Зэвсэгт бүлгүүд иргэдийн энэ үйлдлийг дэмжиж буйгаа илэрхийлж буй  бол Палестины удирдагч Махмуд Аббас “Палестин иргэд энэхүү хурцадмал байдлыг цаашид үргэлжлүүлэхийг огтхон ч хүсэхгүй байгаа” гэж мэдэгдсэн байна.

Б.ДАВААХҮҮ