10.14

Эмч нарын цалинг хүрсэн түвшнээс бууруулахгүй байхаар тохиролцов

 Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын эрүүл мэндийн  ажилтны ҮЭ-ны  дарга Б.Мягмар нар хамтарч Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гаргалаа гэсэн мэдээллийн дагуу сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Төсвийн хэмнэлт, таналт хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар эмнэлгийн дарга нар салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээрт заасны дагуу эмч, ажилтнуудынхаа цалин хөлсийг хүрсэн түвшнээс бууруулахгүй байхаар албан даалгаварыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба харъяа эмнэлгийн дарга нарт хүргүүлэхээр болсноо дуулгав. 

Эрүүл мэнд, спортын  сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний  өдрийн  хүчингүйд тооцсон   384  тоот тушаал нь 2010 оны 4-р сарын 12-ны өдөрийн 123 тоот, тухайн үеийн эрүүл мэндийн сайдын баталсан тушаал. Энэхүү  хүчингүй болсон тушаалд албан хаагчын үндсэн цалинг  "Эрүүл мэндийн  салбарын төрийн үйлчилгээний  албан тушаалын цалингийн доод жишиг"-ээс 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, батлагдсан төсөвтөө багтаан олгох гэж тусгасан байдаг ч өнөөдрийг  хүртэл огт хэрэгжээгүй учраас Сангийн яамнаас өнгөрсөн  оны долдугаар сарын 7-нд хүчингүй болгох тухай албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлснээс биш, салбарын ажиллагсадынхаа  цалин тэтгэмжийг  бууруулах  нэг ч тушаал шийдвэрийг гаргаагүй гэдгээ салбарын  сайд онцоллоо.    

Цаашид төсвийн хүрэлцээгүй зэрэг шалтгаанаар эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллыг бууруулахгүй байх, ийм зөрчил гарсан тохиолдолд эрүүл мэндийн салбарын хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардаж хамтын маргаан үүсгэх эрх нь хуулиар нээлттэй гэдгийг  МЭМАҮЭХ-ны дарга  Б.Мягмар  мэдэгдлээ.