“Дашбалбар судлал” төв О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон-оюун санаа-яруу найраг” наадмыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил тав дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү наадмын хүрээнд яруу найрагчийн бүтээлээр уран зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, яруу найргийн наадам, уран бүтээлийн тайлан тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан ба энэ жил урлаг, утга зохиолын нэгдсэн үдэш болгон хийх гэж байна. Энэ жилийн ““Эх орон-оюун санаа-яруу найраг” наадмын хүрээнд яруу найрагчдын урьд өмнө нийтийн хүртээл болоогүй шинэ шүлгийн уралдаан зохиогдох бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй аж. Наадамд оролцогчид нэгдүгээр шатанд өөрийн бичсэн шинэ хоёр шүлгийг өгөгдсөн цахим шуудангийн хаягаар илгээнэ. Шүлгийн сэдэв харгалзахгүй бөгөөд эхний шатанд уран бүтээлчдийн нэрийг нууцалж, зөвхөн шүлгийг шүүгчдэд танилцуулж 30 яруу найрагчийг тодруулж хариу мэдэгдэх юм байна. Хоёрдугаар шатанд шалгарсан 30 уран бүтээлч ““Эх орон-оюун санаа-яруу найраг” наадамд оролцох эрхтэй болох юм. Бүтээлийг dashbalbarstudies@gmail.com цахим хаягаар 10 дугаар сарын 14-нөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авах бөгөөд наадам 11 дүгээр сарын 7-ны өдөр 17:00 цагт Тусгаар тогтнолын ордны Их танхимд болно.
Н.АЗ