10.15

Орон сууцны үнэ 11 хувиар буурчээ

”Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтарсан судалгаагаар дотоодын зах зээлд борлуулж буй орон сууцны үнэ өмнөх сараас 2.2 хувиар буурчээ. Харин өнгөрсөн оны мөн үеэс 11.1 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Тус судалгааг гаргахын тулд энэ сард зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 5226 орон сууцны үнийг хамруулжээ. Энэ талаар “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Батзориг “Тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ орон сууцны үнэ огцом буурсан, мөн хуучин орон сууцны үнийн уналт үргэлжилсэн хэвээр байгаа. Энэ нь орон сууцны дундаж үнэ буурахад голлох нөлөө үзүүлж байна” хэмээсэн. Мөн эдийн засаг хурдтай өсч байгаа үед орон сууцны үнэ өсөх хандлагатай байдаг тухай ч дуулгасан. Тэгэхээр сүүлийн найман сар дараалан буурсан орон сууцны үнийн уналтыг эдийн засгийн дархлаа суларсантай шууд холбон ойлгож болох нь. Үүнээс гадна орон сууцны үнэ өсч, буурч байна гэдэг эдийн засагт бэлэн мөнгө хэр эргэлдэж байгаагийн илэрхийлэл юм. Тодруулбал эрэлт ихсэхээр үнэ өснө, буурахаар дагаад буурдаг гэсэн үг. Харин иргэд барилгын компаниудыг орон сууцны үнийг “хөөсрүүлж” байна хэмээн дүгнэх нь бий. Гэвч, харамсалтай нь ямар нөхцөлөөс болж, өсч буурсан тухай судалгааг одоо хүртэл баттай судалж, нягталсан ганц ч байгууллага байхгүй. Гэсэн хэдий ч эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд орон сууцны үнэ тогтвортой өсч байх шаардлагатай хэмээн эдийн засагчид үздэг. Одоогийн байдлаар шинэ орон сууцны ам.метр талбайн дундаж үнэ хоёр сая төгрөг байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс гурван хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Тодруулбал Баянгол дүүрэг байрлах “Голден Парк” хотхонд жилийн өмнө шинэ байрны ам.метр талбайн дундаж үнэ сая 957 мянган төгрөг байсан бол энэ сард сая 729 мянган төгрөг болж, 11.7 хувиар буурсан байна. 

Харин хуучин орон сууцны хоёр өрөө дунджаар 88 сая төгрөг байгаа нь өмнөх сараас 1.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар буурсан аж. Мөн энэ удаагийн судалгаагаар Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байдаг зүй тогтол давтагджээ. Гэвч хуучин орон сууцны хамгийн дээд үнийг Сүхбаатар дүүрэг тогтоосон байна. Тэгвэл сүүлийн дөрвөн жилийн дунджийг авч үзвэл 2014 эхний улиралд хамгийн өндөр буюу 23.7-ийн өсөлттэй байна. Харин өнгөрсөн оны суулийн сараас эхлэн орон сууцны үнэ буурч эхэлсэн буюу энэ сард хамгийн доод төвшиндөө хүрээд байна. Сонирхуулахад Улаанбаатар хотын орон сууцны хоёрдогч зах зээл дээр сар тутам дунджаар 1000 орчим орон сууц зарагддаг байна. Мэдээж, эдийн засаг өдөр ирэх бүр хүндэрсээр байгаа өнөөгийн нөхцөлд энэ тоо улам буурах нь ойлгомжтой. Зах зээл дээр нийт зарлагдаж байгаа орон сууцны 20 хүрэхгүй хувь нь тухайн сардаа зарагддаг гэж үзвэл таны нэг сарын дотор байраа зарах магадлал тавны нэг хувь л байх юм. Үүнд байршил, өрөөний тоо, талбайн хэмжээ, цонхны байршил, төлбөрийн нөхцөл гэх мэт эрэлтэд шууд нөлөөлөхгүй.