Өглөөгүүр монгол гуравдугаар сургуулийн урдуур, “Ардын эрх” сонины байрны дэргэдүүр өнгөрөхөд цаасан хайрцаг, уут, үүргэвчид өдөр тутмын хэвлэл, сэтгүүл хийгээд аваад явж байгаа хүмүүстэй таардаг байлаа. Иргэдэд сонин, сэтгүүлийг нь ойртуулж өгдөг байсан тэр буянтай хүмүүсийн тоо сүүлийн үед цөөрчээ. Тэдний зарим нь гудамж, байшингийн нөмөр бараадан сууж сонин сэтгүүлээ зардаг. Олонх нь хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал, хүн олноороо зорчдог хэсэгт байршуулсан борлуулах цэгт сонин, сэтгүүлээ худалддаг байсан.
Гэтэл сүүлийн үед тэднийг хөөж, хүмүүст нь мэдэгдэлгүйгээр сонин, хэвлэл борлуулах цэгийг юутай хүүтэй нь ачаад явчихдаг болсон байна. Үүнийг сонсоод ажиглатал үнэхээр сонин, сэтгүүл борлуулдаг цэгүүдийн тоо эрс цөөрчээ. Хэрэгцээтэй мэдээлэл гарсан сонин сэтгүүлээ хэдэн алхмын газраас худалдаад авчихдаг цаг өнгөрсөн байна. Харин түүний оронд автобусны буудлын хажууд эд бараа борлуулдаг мухлагуудын тоо нэмэгджээ. Сонин борлуулах цэгийг ачиж байгаагийн учрыг асуухад холбогдох албан тушаалтнууд нь“Стандартад нийцээгүй” гэсэн хариулт өгдөг аж. Гэтэл үнэндээ тэдгээр борлуулах цэгүүдийн стандарт нь ямар байхыг одоо хүртэл шийдээгүй байгаа гэнэ. Нийслэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүр хоршоо олон бий. Харин нийслэлийн иргэдэд мэдээлэл түгээж, оюуны талх өгдөг газар төдийлөн олон биш.
Дэлхийн мега хотуудад сонин, сэтгүүл борлуулдаг цэгүүд нь олны хөлийн газар, ил л байдаг юм билээ. Гэтэл ямба нь ихэдсэн манай удирдлагуудад үүнийг арай өөрөөр хардаг бололтой. Нийслэлийн иргэд нэг л өдөр сонин, сэтгүүл худалдаалдаг цэг, хүмүүсээ үгүйлнэ. Тэр үед харин өнөөх ямбатнууд юу гэх бол. Хэрвээ үнэхээр сонин, сэтгүүл борлуулдаг цэгүүд стандартад нийцэхгүй байгаа бол одоо хүртэл ашигладаггүй боловч стандарт гаргаж үйлдвэрлэсэн гэх тамхи татах цэгээ тэдэнд өгсөн ч яадаг юм. Нийслэлийн20 байршилд 300 сая төгрөгийн өртгөөр байгуулсан тамхи татах цэгийг сонин, сэтгүүл борлуулдаг хүмүүст түрээслүүлж ч болно шүү дээ.
Б.Сийлэн