Израилын өмнөд этгээдийн Беершеба хотын автобусны буудалд өчигдөр буу болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн палестин залуу халдлага үйлдэж, Израилын цэргийн нэг алба хаагч, цагдаагийн дөрвөн ажилтныг оруулаад нийт 10 хүн гэмтэж бэртжээ. Улмаар гэмт этгээд хэргийн газартаа буудуулж, нас барсан байна.
Мөн хэргийн газарт байсан Африк гаралтай залууг аюулгүйн албаныхан хоёр дахь гэмт хэрэгтэн хэмээг андуурч, буудан шархдуулсан хэрэг ч мөн гарчээ. Хоёр долоо хоног гаруйн хугацаанд Израил, Палестины иргэд нэг нэг рүүгээ чиглэсэн хүчирхийлэл хадлагын хэргүүдийг удаа дараа үйлдэж байгаа ч, Беершеба хотод анх удаагаа ийм аймшигт хэрэг гарч байгаа юм байна.
Энэ сарын 1-нээс хойшхи халдлага, хүчирхийллийн улмаас палестины 41 хүн, Израилын найман иргэн нас бараад байгаа юм. Гэмт хэрэгтний хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч, албаныхан Палестиний Газын зурвасыг хянадаг Хамас бүлэглэл болон Исламик Жихад бүлэглэлийн зүгээс хийсэн халдлага гэж таамаглаж байгаа аж.