Монголын оюутны холбооны удирдлагууд оюутны нийтийн тээврээр зорчих эрхийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийж өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдээд амжив. Тэдний тухайд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оюутан суралцагчдыг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болгож, хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчин нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор олон мянган оюутнуудыг хохироож байна гэж үзэж байгаа аж. Энэ талаар МОХ-ын ерөнхийлөгч Д.Батбаяр “1995 оноос хойш улс орон хямралтай ч бай үгүй ч бай эрдэм боловсрол эзэмшиж байгаа оюутнуудаа дэмжиж тэдгээрийг сургуульдаа саадгүй очдог байлгахын тулд хууль баталж, өдгөө 20 жилийн нүүрийг үзэж байна.
Энэ жилийн хувьд 113 мянган оюутныг үнэгүй зорчуулах үйл ажиллагаа зохион байгуулсан. Дөрөвдүгээр сард 64 мянган оюутан смарт картаа захиалж, журманд заасан эрхийн үнэмлэхийг олгосон. Гэтэл нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор өнөөдрийг хүртэл оюутнууд энэ үнэмлэхээрээ зорчиж чадахгүй байна. Хуулиараа бол зорчих эрхтэй. Оюутнууд аль картаар зорчих нь тодорхойгүй байна. Өнөөдөр U money гээд ухаалаг картыг өгч байгаа. Энэ карт нь оюутнууд нэг удаа гэр рүүгээ дөх, буцаад сургууль руугаа дөх гэсэнтэй ижил. Нийтийн тээврийн богиносгосон эргэлтээр оюутнууд гурван буудал яваад л сургууль руугаа алхах, эсвэл өөрөө мөнгө төлөхөөс аргагүй байдалтай байгаа. Энэ болгоныг шийдээд өгсөн хууль нь байж байхад яагаад Э.Бат-Үүл дарга шийдвэрлэж болдоггүй юм бэ. Нийслэлийн Засаг дарга хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрөөд огцор эсвэл энэ асуудлыг шийдвэрлэж өг” гэсэн юм.
Нэг талдаа үүнийг буруутгах аргагүй. Автобусны богиносгосон эргэлт өнөөдөр хэл ам дагуулсаар байгаа нь үнэн. Ийнхүү холбоо оюутнуудын төлөө тэмцэж байгаа нь сайн хэрэг ч үүний цаана улс төржилт байгаа нь ч нууц биш. Дээрх мэдээллийн дараа олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүс “Д.Батбаяр, Батжаргал нар хэдий болтол оюутнуудын өмнөөс ярих гэсэн юм”, “Оюутнууд өлсгөлөн зарлаж байхаар чимээгүй хичээлээ хий”, “Уриа лоозонгоо зөв бичиж чадахгүй байж” хэмээн шүүмжлэл дагуулав. Үндсэндээ тэдний тэмцэл зөв хэдий ч юуны төлөө тэмцэж байна вэ гэдэг нь учир дутагдалтай. Уг нь оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчуул гэж тэмцсэнээс өөрсдийнхөө сурах орчин нөхцөл, хичээлийн бус цагаар цагийн ажил хийгээд орлоготой болгох нөхцөлийг бүрдүүлээч гэж тэмцвэл илүү дэмжлэг авах нь тодорхой.
Гэхдээ ийм тэмцэл бараг л болохгүй биз. Учир нь оюутнуудын нэр барьсан энэ мэт улс төржилт бол тэдний саналыг авах гэсэн ядмаг арга байдаг нь өдгөө нууц биш. Улстөрчид холбоо нэрийн дор оюутнуудын өмнөөс ярьдаг амбицтай хэдэн нөхөдтэй “сэм тохиролцож” оюутнуудын саналыг авахын тулд амлалт өгдөг болоод удаж байна. Хамгийн ойрын жишээ гэхэд л оюутнуудад өгдөг 70 мянган төгрөг. Үндсэндээ сонгуулийн амлалт болсон энэ мөнгө өдгөө ч хэл ам дагуулдаг. Тэгвэл сонгуулийн өмнөх жил учраас энэ онд оюутнуудын нэр барьсан энэ мэт улс төржилт их байх бололтой. Ямартай ч тэд эхний ээлжинд нийслэлийн Засаг даргыг огцрохыг шаардаж, өлсгөлөн зарлах гэнэ.
Уг нь тэд дугуйн замтай болгоно гээд хулхидсан улстөрчдөөс амлалтыг нь нэхэж жагсмаар. Биеийн тамирын заал, усан бассейн, номын сан барихыг төсөвт суулгах гэж нэгдмээр. Түүнчлэн жил бүр шалтгаангүй уралдан төлбөрөө нэмж эцэг эхийнх нь халаасыг хоосолж байгаа ч чанаргүй сургалттай байгаа боловсролын тогтолцоо, системээ шүүмжилж өлсгөлөн зарламаар. Энэ мэт олон асуудал байхад автобусанд үнэгүй зорчуулсангүй гэж өлсгөлөн зарлах чинь ёстой илүү зан байгаа даа.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn