10.21

2900 даргын цалинг 30 хувиар бууруулна гэв

Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцэх дэгээр оруулж ирсэн 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.  

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах арга хэмжээний хүрээнд төрд төвлөрүүлсэн 15.6 тэрбум төгрөгийг Хууль зүйн сайдын багцад тусган, тэдгээр хүмүүсийн хохирлыг барагдуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, дээрх мөнгөөр хохирлын хэдэн хувийг барагдуулах боломжтой вэ гэж тодруулсан юм.

Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлийн хариулснаар, энэ мөнгөөр хохирлыг барагдуулснаар хохирол барагдуулалт 90 хувьд дөхөж очих аж. Хохирогчдын дунд 1-2 сая төгрөгийн авлагатай, өндөр настан олон байгаа бөгөөд тэдний дунд өвчтэй хүмүүс ч байгааг дэд сайд дуулгалаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, терроризмтой тэмцэх багаж, хэрэгслийг худалдан авахад зарцуулах мөнгө тусгагдсан эсэх, ирэх жил болох дээд хэмжээний уулзалтаас өмнө шаардлагатай хэрэгслийг авч чадах үгүйг лавлав. Ажлын хэсгээс, терроризмтой тэмцэх багаж, хэрэгслийг худалдан авах гэрээ хийгдэн 30 хувийн урьдчилгааг төлсөн хэмээсэн.

 Техник хэрэгсэл зургаа тасарч ирсэн бөгөөд одоо үлдэгдэл 800 гаруй сая төгрөгийг төлөхөөр байгаа аж. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр орон нутагт төсвийн санхүүжилт хэвийн хийгдэж байгаа эсэхийг тодруулаад цахилгаанаа таслуулсан сумын Тамгын газар байсан хэмээсэн. Ажлын хэсгээс хариулснаар, эрүүл мэнд, боловсрол, хүчний байгууллагын түлш шатахуун, цахилгаан, дулаан, цалингийн зардлыг саадгүй олгож байгаа бөгөөд тавилга, эд хогшил худалдан авах, томилолтын зардалд тодорхой хэмжээгээр хяналт тавьж байгаа юм байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат төрийн албан хаагчдын цалинг 30 хувь бууруулбал одоо авч буй цалин нь хэд орчим болохыг тодрууллаа. Ажлын хэсгээс, нийт төрийн албан хаагчид бус төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудал яригдаж байгаа хэмээсэн бол УИХ-ын гишүүн З.Энхболд, Төсвийн тодотголыг бид ярьж байна. 

Энэ хүрээнд жирийн эргүүлийн цагдаа, хянагчийн цалинг хасах асуудал яригдаагүй. 2900 даргын цалинг бууруулах тухай л ярьж байгаа. Энэ талаар хүмүүст зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэв. Харин Ц.Нямдорж гишүүн төрийн албан хаагчдын цалинг хасах асуудлыг цөөнхийн бүлэг дэмжихгүй хэмээгээд хууль зөрчсөн энэ асуудлаар Засгийн газраас санал авах ёстой гэсэн санал гаргав. Ц.Нямдорж гишүүний саналыг байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэнээр уг асуудлыг хойшлуулав.

Б.Балжир