Унгар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ойрхи Дорнодоос Европыг зорин ирэх дүрвэгсдийн хэт их урсгалтай холбоотойгоор хилээ хаасан билээ. Ингэснээр Хорват, Серби улсаас Словени улсыг зорин ирэх дүрвэгсдийн тоо огцом нэмэгдсэн байна. Улмаар тус улсын Засгийн газар улсынхаа хилээр нэвтрүүлэх дүрвэгсдийн тоонд хязгаар тогтоож, хилийн аюулгүй байдлаа чангатгахаар болжээ. Үүний дагуу тус улсын хилээр өдөрт ердөө 2500 цагаач нэвтрэх эрхтэй болох аж. Энэ нь хөрш орон Хорват улстай харьцуулахад хоёр дахин бага тоо юм.
Тус улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бостжан Сефикийн тэмдэглэснээр Словени улс Хорватын хүсэлт ёсоор 5000 дүрвэгчийг хилээр нэвтрүүлэх боломжгүй гэнэ. Учир нь Австри өдөрт хамгийн ихдээ 1500 цагаачийг нэвтрүүлнэ гэж хязгаар тогтоосон аж. Дэлхий дахины хэмжээнд томоохон хямрал болоод буй дүрвэгсдийн ихэнхи нь иргэний дайн тулаан үргэлжилж буй Афганистан, Сири, Иракийн иргэд байдаг бөгөөд тэд Баруун Европт хүрэхийн тулд Хорват, Словени улсаар дайран өнгөрөхөөс өөр аргагүй юм.
Улмаар тоонд хязгаар тогтоосон тул Хорват, Сербитэй хиллэдэг хил дээр дүрвэгсэд, цагаачдад зориулсан кэмпүүдийг барьж байгуулах ч шаардлага тулгараад байгаа юм байна. Герман, Швед, Норвеги зэрэг улсуудын хилийг нэвтрэхийг хүсч буй дүрвэгсдийн хувьд дамжин өнгөрөх орон Словениас өөр байхгүй гэж хэлэхэд болох билээ. Улс орнууд дүрвэгсдийн тоонд хязгаар тогтоох, хилээ хаах зэргээр арга хэмжээ авч байгаа. Гэхдээ эл асуудалд эрх баригчид нь нэгдсэн харилцан уялдаатай шийдэлд хүрч чадахгүй байгаа нь асуудал болж байгаа тухай зарим эх сурвалж тэмдэглэж байгаа юм.
Нэг үгээр хэлбэл Австрийн тогтоосон хязгаарын дагуу Словени өдөрт 2500 цагаачийг хилээрээ нэвтрүүлэхэд цаана нь өдөрт 2500-3000 гаруй мянган хүн тус улсаар дамжин өнгөрч чадалгүй хилийн гадна үлдэнэ гэсэн үг юм. Ингэснээр тус улсын хилийн ойролцоо саатах дүрвэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай болж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрөгч ням гарагт Сербийн хил дээр 40 орчим автобустай хүмүүс хэдэн цагийн хугацаанд саатаж, улмаар дүрвэгсэд болон хилийн хамгаалалтад ажиллаж буй цагдаа нарын хооронд ширүүн тэмцэл өрнөөд амжжээ.
Тухайн үед автобусанд байсан Афганистанаас ирсэн Мухаммад Самин гэгч “Бид автобусандаа дөрвөн цаг хүлээсэн. Энд маш хүйтэн байна. Бид цамцнуудаа давхарлаж өмссөн. Хүүхдүүд ч их даарч байна. Бас хоол, хүнсгүй болсон” гэж Ассошэйтэд прэсс агентлагт ярьсан байна. Тухайн үед 4000 орчим дүрвэгсэд Хорватын зүүн этгээд дэх Опатовак хотын хүлээн авах төвд Словени улсаас эерэг хариу ирэхийг хүлээж удаан хугацаанд саатсан гэнэ.
Зарим аргаа барсан дүрвэгсэд Туркээс Грек, Македониа болон Серби хүртэл хэдэн долоо хоногийн зарцуулан явган алхаж буй аж. Словени улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бостжан Сефик орон нутгийн нэгэн сонинд өгсөн ярилцлагатаа “Словени дүрвэгсдийг дараагийн улс орон руугаа нэвтэрч чадахгүй гэдгийг мэдэж буй мөртлөө ямар нэг тооны хязгааргүйгээр нэвтрүүлэх боломжгүй” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр “Хорват биднээс өдөрт 5000 дүрвэгчийг нэвтрүүлж болохгүй юм уу гэж асуусан. Гэхдээ Австри бидэнд хамгийн ихдээ 1500 цагаачийг л хүлээн авна гэж хэлсэн учир бидэнд хязгаар тогтоохоос өөр арга байхгүй” хэмээн ярьсан байна.
Өнгөрөгч бямба гарагт Словенийн хил дээр ирсэн 4000 дүрвэгсдийн ердөө мянгыг нь л Австри ням гарагийн өглөө хүлээн авахаар болсон ажээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн шөнө Унгар улс хилээ хааснаар дүрвэгсдийн гол дамжин өнгөрөх зам нь Словени болсон билээ. Тиймээс тус улс ч хилийн аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хандуулж, харуул хамгаалалтаа чангатгаад байгаа юм байна.
Б.ДАВАА