10.21

Ирэх сонгуулиар ирц бүрдэхгүй юм биш үү


-Багануурын захирагчийн сонгууль улс төрийн намуудад том сургамж боллоо- 

Нийслэлчүүд өнгөрөгч онд Багануур, Налайх дүүргийг дагуул хот болгох түүхэн шийдвэр гаргасан. Олон жилийн турш хот байх тухай ярьсан асуудлыг ажил хэрэг болгох анхны алхам нь дагуул хот болгох тухай шийдвэр байсан билээ. 

Дагуул хотуудыг захирагчтай байлгах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасны дараа налайхчууд сонгууль явуулж удирдагчаараа Ш.Хаан гэх залууг томилсон нь саяхан. Харин энэ сарын 18-нд буюу ням гарагт багануурчууд удирдагчаа сонгохоор болсон юм. Сонгуулийн үйл ажиллагаа ням гарагт өглөө 07.00 цагтай уралдан эхэлсэн. Амралтын өдөр, тэгээд ч цаг агаар тогтуун иргэд сонгуулиа өгөх боломж 100 хувь бүрдсэн байсан ч харамсалтай ч ирц 51 хувьд хүрсэнгүй. 

50 хүрэхгүй хувийн ирцээр хамгийн олон хүний санал авсан МАН-аас нэр дэвшигч Н.Тавинбэх одоогоор захирагч гэсэн нэр зүүгээд байгаа. Сонгуулийн ирц хүрээгүй учраас захирагчийн сонгуулийг дахин явуулахаар болжээ. Эдийн засаг хямралтай ийм үед тодорхой хэмжээний зардал үр дүнгүй зарцуулагджээ гэсэн үг.  

Багануур дүүргийн хэмжээнд нийт 19024 иргэн сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 15 цагийн байдлаар 4394 сонгогч саналаа өгч ирц 23.11 хувьтай байжээ. Харин санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилсэн ч ирц 51 хувьд хүрээгүй гэнэ. Энэ нь багануурчуудын идэвх оролцоо гэхээс илүүтэй улс төрийн намуудад иргэд ямар байдлаар хандаж байна вэ гэдгийг баталсан үйл явдал боллоо. Найман сар хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсад шат шатны сонгууль болно. Түүнээс нэг жилийн дараа мөн л Ерөнхийлөгчөө сонгох улс төрийн нэг том сонголтыг хийх учиртай. Өөрөөр хэлбэл, Багануур, Налайхад болсон захирагчийн сонгууль монголын ард түмэн улс төрийн сонголт хийхэд бэлэн үү гэдгийг шалгасан томоохон сорил болсон юм. 

Харамсалтай нь иргэд сонгогчдын улс төрийн боловсрол өмнөхөөс дээрдээгүй, улс төрийн намуудад итгэх итгэл улам бүр буурсаар байгааг сонгуулийн үр дүн харуулчихлаа. Улс төрийн намуудын нэр хүнд, иргэдийн улс төрийн боловсролын асуудлаар өнгөрсөн хугацаанд олон янзын судалгааны байгууллагууд төрөл бүрээр судалгаа явуулсан. Судалгааны үр дүнгээс харахад иргэдийн хоёр том улс төрийн хүчинд итгэх итгэл улам бүр суларсаар байсан бөгөөд бие даагч, эс бөгөөс намыг биш хүнийг нь сонгох сонголт илүү давамгайлж байсан гэхэд болно.

Байсхийгээд л засаг төрөө огцруулдаг, нам дотроо албан тушаалаас болж хуваагддаг, үзэл бодлоосоо урвадаг хэсэг бүлгийн эх адаггүй шунал, албан тушаалын төлөөх дайн, асуудлаа ойлгохгүй тэнэглэх балайрал 2016 онд сонгуулиа дахин дахин явуулж төсвийн мөнгөөр тоглох хэмжээнд ч хүргэж мэдэхээр болжээ. Улс төрийн намууд Багануурын энэ үйл явдлаас томоохон сургамж авсан нь дамжиггүй. 

Намууд боловсон хүчний доройтолд орсон уу 

Багануурт нэр дэвшигч гэхээс илүүтэй цөөн хэдэн олигарах намынууд хоорондоо өрсөлдсөн. Тэгээд ч улс төрийн намууд хэрвээ үнэхээр л хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг явуулсан бол аль нэг нь мэдлэгээрээ бусдаас цойлоод л гарч ирэх байлаа. Харамсалтай нь багануурчуудын ярьж буйгаар бол эдгээр нэр дэвшигчид дунд тийм шалгуурыг хангах хүн байгаагүй аж. 

Нэг үеэ бодвол иргэдийн боловсролын төвшин өндөр болсон. Өөрөөс нь шалихгүй мэдлэгтэй мөнгөлөг нөхрийг сонгох гэхээс илүүтэй хотын хөгжлийг зөв удирдах зөв намтартай, өндөр төвшинд боловсрол эзэмшсэн хүнийг сонгохыг чухалчилдаг болчихсон. Тиймээс улс төрийн намууд цаашдаа нэр дэвшигчийнхээ боловсролоос гадна нийгэм тэр хүний талаар ямар мэдээлэлтэй байгааг илүүтэй судлах шаардлагатай болжээ. 

Сүүлийн үед намын нэрээр УИХ, Засгийн газар, дүүрэг нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж буй хүмүүсийн боловсрол үнэхээр чамлалтай байх болжээ. Нийгэмд эзлэх байр суурь, биеэ авч яваа байдал зэргийг бол ярих юм биш. Нийслэл, дүүрэг, сум аймагт намын нэрээр очсон хурган дарга нар ажилтнаа хүчирхийлдэг, хэвтэрт ортол зоддог, бие биенээ хутгалдаг зэрэг хүний санаанд багтамгүй үйлдэл гаргадаг боллоо. Намын даргын албан тушаалтай нэг нөхөр ажилтан бүсгүйгээ дарамталж бэлгийн харьцаанд орсон, улмаар ёс бус хүнээс гарамгүй зэрлэг авир гаргаж насаар нь зэрэмдэг болгож орхисон нь улс төрийн намууд тал зассан мөнгө өгсөн хэн бүхэнд нэр дэвших боломж өгдөг гэдгийг харуулсан хамгийн том жишээ болсон. 

Хувийн амьдралын хувьд таагүй асуудалд нэр холбогдчихсон, өрөнд орчихоод түүнийгээ төлж чадахгүй яваа хүнийг нутгийн иргэдийг удирдах захирагчийн сонгуульд явуулсан гэсэн багануурчуудын яриа хэрвээ үнэн бол боловсон хүчний хомсдолд улс төрийн намууд нэгэнт орсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон байна. Тэр тусмаа өнгөрсөн 25 жилд намын боловсон хүчинд биш сандал суудалд анхаарч ирсэн АН-ынхан цаашдаа боловсон хүчнээ чадавхжуулах талаар анхаарах болжээ. Улс төрийн хоёр том хүчин л гэж байгаа бол намынхаа нэр хүндийг ялимгүй зүйлээр ч алдмааргүй байгаа юм. 

Анагаахын дунд төгссөн хүн барилгын салбар удирдаж, эмч мэргэжлийн зах зухыг гадарладаг хүнээр Хилийн боомтын салбарыг удирдуулж байсан гээд улс төрийн намуудын боловсон хүчний томилгоог бичээд байвал цаас ч багадна, цаг ч хүрэхгүй. Тиймдээ ч ирэх сонгуулийн дүр зураг болсон энэ удаагийн ялалт, ялагдал, ирцийн асуудал намууд нэн тэргүүнд анализ хийж сонгогчдынхоо идэвхийг сэргээх, тэр тусмаа боловсролд нь анхаарах, нэр дэвшигчийнхээ сонголтыг судалгаатай хийх зэрэгт анхааръя. 

Нэг жижигхэн дагуул хотын сонгуулийг ч аятайхан хийчихэж чадахгүй байгаа юм чинь цаашдаа тэр олон сонгуулийг бүрэн ирцтэй, төсвийн мөнгө үрэхгүй хийнэ гэсэн баталгаа үнэндээ алга. Зохион байгуулалт талаасаа ч үнэхээр чамлалтай гэдгээ харууллаа. Ирэх сонгуулиар ирц нь хүрэхгүй, иргэд нь улс төрийн сонголтоо хийхээс цааргалж дэлхий дахинд онигоо болох вий дээ. Багануурын жишээ үүнийг батлаад байна. 

Б.Өнөртогтох