10.21

Ц.Түвшинжаргал: Оюутны смарт картыг сар бүрийн 1-нд автоматаар сунгана

Оюутнууд нэг сарын турш ажлын 22 хоногт өдөрт хоёр удаа зорчих хөнгөлөлтийн картыг 3600 төгрөгөөр тухайн сургуулийнхаа сургалтын алба, оюутны холбоогоор дамжуулан захиалан авч байгаа билээ. Саяхнаас “Улаанбаатар смарт карт” компанийнхан оюутнуудад эхний ээлжийн уг картыг тарааж эхэлжээ. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргалаас тодрууллаа. 

-Оюутны смарт картыг олгож эхэлжээ. Одоогоор хэчнээн оюутан картаа аваад байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 78 мянган оюутны цахим картыг олгосон байна. Энэ тоо 113 мянга болох ёстой. Их, дээд сургуулийн цахим картын захиалгыг нийслэлийн Боловсролын газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн оюутнуудын картыг нийслэлийн Хөдөлмөрийн газраар дамжуулан олгож эхэлсэн. МСҮТ-ийн квотыг Хөдөлмөрийн яам их, дээд сургуулийнхыг Боловсролын яамнаас баталж өгсөн. Тэр квотын дагуу сургууль бүр өөрсдийн захиалгыг ирүүлсэн. Үүний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс тус хоёр яамтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Тухайн албан газрын ажилтнуудад тодорхой хэмжээний сургалт зохион байгуулж, тоног төхөөрөмжөө суурилуулаад U Money карт ашиглах бүрэн боломжоор хангасан. Уг ажил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Одоогоор хараахан дуусаагүй байна. Энэ нь их, дээд сургуулийнхны оюутны материал бүрдүүлэлттэй шууд хамааралтай юм. 

Оюутнууд смарт картаа хэрхэн сунгуулах вэ?

-Смарт картаа нэг сард 44 удаа уншуулах эрхтэй. Сар бүрийн 1-нд автоматаар сунгана. Сарын турш 44 удаа уншуулахдаа өдөрт хэдэн ч удаа ашиглаж болно. Өдрийн лимит тогтоогоогүй. Мөн картаа мөнгөөр цэнэглээд ашиглах боломжтой. Картыг үнэгүй уншуулах эрх зөвхөн ажлын өдрүүдэд хүчинтэй.

-Одоогоор сургуулийнх нь захиалга дуусчихсан. Материалаа бүрдүүлж өгөөгүй хоцорчихсон оюутнууд яах вэ?

-Сургууль бүрт квот олгочихсон. Тухайн сургууль тэр квотдоо таарсан тооны картыг оюутнуудад захиалж өгнө. Хоцорсон тохиолдолд өөрөөр авах боломжгүй. Зөвхөн сургуульд очсон квотын тоондоо багтаж л смарт картаа захиалах хэрэгтэй. Сургууль нь нэмэлт захиалга зохион байгуулж болно. Гэхдээ тухайн сургуульд ногдсон хяналтын тоо гэж бий. Түүндээ л багтаах хэрэгтэй. Хяналтын гэдэг нь тухайн сургуулиас цахим карт авах оюутны боломжит тоо юм. Жишээлбэл, МУИС-ийн нийт оюутны тоо 22514 үүнээс 10500 нь смарт карт авна гэсэн үг

-Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор автобусуудыг богино эргэлттэй, сэлгэн суултыг хөнгөлөлттэй болгоно гэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл иргэд хоёр дамжихдаа 1000 төгрөг төлж явна. Энэ талаар тодруулна уу?

-Сэлгэн суулт тутамд нэг удаа зорчих тасалбарын үнийн 60 хувийг хөнгөлөх саналыг манай компанийн зүгээс нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Тодруулбал, тодорхой хугацааны дараа эсвэл, зайнаасаа хамаараад дараагийн тээврийн хэрэгсэлдээ суух үед 60 хувийн хөнгөлөлт эдлэх нөхцөлийг иргэдэд олгох санал боловсруулсан. Энэхүү саналыг батлах эсэхийг нийслэлийн удирдлагууд шийднэ.

-Танай компанийн зүгээс өөр ямар ажлыг төлөвлөөд байна вэ?

-Цаашид U Money картыг автобуснаас бусад тээврийн хэрэгсэлд ашигладаг болох төслийг хэрэгжүүлнэ. Одоогоор такси компанийн удирдлагуудтай уулзах, судалгааны ажил эхэлсэн. Үүнд зөвхөн энгийн карттай иргэд үйлчлүүлнэ. Гэхдээ нийслэлийн удирдлагууд болон нийгмийн халамж үйлчилгээний байгууллагатай хамтарч ажиллах бүрэн боломжтой. 

Ц.Заяа