“Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавих шаардлага, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт сургалт өнөөдөр боллоо.
Сургалтыг БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан болон “Эй Си Эф” олон улсын байгууллага хамтран зохион байгуулав.
ЕБС, цэцэрлэгийн анги, бүлэг дүүргэлт өндөр байгаагаас нэг суултуур, угаалтуурт оногдох хүүхдийн тоо 1.5-2 дахин ихэссэн нь ариун цэврийн байгууламжийн нөхцөл, эрүүл ахуй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, гараа угаах боломж нөхцөл бүрдэхгүй байгаа нь бага насны хүүхдийн дундах халдварт өвчин буурахгүй байгаагийн нэг шалтгаан болж байна.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын хууль, дүрэм, журмуудыг үндэс болгон БСШУЯ, ЭМСЯ, Барилга, хот байгуулалтын яам, ШУТИС, Францын “Эй Си ЭФ” ТББ хамтран энэхүү баримт бичгийг боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлаад байна.
Энэхүү норм, шаардлага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрыг ус, ариун цэвэр, эрүүл ахуйн хамгийн наад захын шаардлагыг тогтоон, үндэсний хэмжээнд мөрдөх юм.
Цаашид хөдөө сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ундны болон ариун цэврийн усан хангамжийг сайжруулах, бие засах газар, халуун усны өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, байгальд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй дэвшилтэт технологийн дагуу сайн загварыг орон нутагт турших замаар энэхүү шаардлагыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.