10.21

Орон нутагт зорчих тасалбарын үнийг бууруулахаар болжээ

Өчигдрөөс Дундговь-Улаанбаатар-Дундговь чиглэлийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ хямдарч, 13200-аас 8800 төгрөг болсон бөгөөд цаашид ч хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифт орох өөрчлөлтүүдийн талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбат мэдээлсэн байна.

Тэрбээр "Өчигдрөөс Мандалговь чиглэлийн нийтийн тээврийн тасалбарын үнэ буурсан бөгөөд энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, аймгууд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноор хувьдаа жижиг машинтай хүмүүс хүн тээвэрлэж эхэлсэн нь хот хоорондын замд осол нэмэгдэх шалтгаан болсон. Хоёрдугаарт, орон нутгийн зорчигчоо нэмэгдүүлэх үүднээс үнээ буулгаж байгаа. Гуравдугаарт, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед иргэддээ хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх үүднээс ийм шийдвэрийг гаргасан. Цаашид бусад аймгууд руу зорчих тасалбарын үнэ бууруулах тал дээр бид аймгуудын Засаг даргын Тамгын газартай ярилцаж байгаа. Өмнөговь чиглэлийн тээврийн үйлчилгээний үнэ 27 мянгаас 22 мянга болж, 5000 төгрөгөөр хямдарсан. 

Хот хоорондын нийтийн тээвэрт нийт 43 аж ахуйн нэгж, байгууллагын 1120 тээврийн хэрэгсэл 21 аймаг, алслагдсан 3 дүүрэг, 68 чиглэлд тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Ер нь бүх аймаг руу зорчих тасалбарын үнийг үе шаттай буулгах бодлого барьж байгаа. Хот хоорондын тээврийн үнэ тарифыг километр тутамд 50-65 төгрөгөөр тооцож баталсан сайдын тушаал бий. Нэг километр нь 50-60 төгрөг гэдэг бол маш хямд тариф. Гэтэл Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ үнээ байнга нэмж, улсаас нөхөн олговор, татаас авдаг. Харин хот хоорондын тээврийн тасалбарын үнэ сүүлийн 10 жил нэмэгдээгүй. Төрөөс нэг ч төгрөг авахгүйгээр өөрсдийн хүч боломжоороо ажиллаж байгаа" гэжээ.