10.23

Хотын дарга Г.Ганбаярыг уучлалт гуйхыг шаардлаа

Өчигдөр НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан эхлэх үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяр өөрийг нь гүтгэсэн гэсэн шүүхийн шийдвэр өнгөрсөн хавар гарсан. Иймээс ойрын хугацаанд МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаяраар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн танхимд, шүүхийн шийдвэрийг биелүүлж, уучлал гуйлгана гэдгээ Иргэдийн хурлын дарга болон төлөөлөгчдөд мэдэгдлээ.

 Хэргийг сануулвал Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Ганбаяр хотын даргын өрөөнд нь орж асуулга тавих үеэрээ нэг бичлэг хийжээ.  Тэгээд “Нийслэлийн Засаг дарга нууц өрөөтэй юм байна. “Сонор плаза”-гийн барилга Э.Бат-Үүл даргынх гэнэ” хэмээн олон нийтэд цацаж байжээ. Ямартай ч уг маргааныг шийдүүлэхээр хотын даргад Захиргааны хэргийн шүүхэд хандаж, дээрх мэдээлэл гүтгэлэг гэдэг албан ёсны шүүхийн шийдвэрийг гаргуулсан байна. Улмаар шүүх Г.Ганбаярыг ямар нөхцөлд, хэрхэн гүтгэсэн яг тэр байдлаараа хотын даргаас уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан аж.

 Түүнчлэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардсан албан бичгийг НИТХ-ын даргад хүргүүлсэн. Ингэхдээ хотын дарга Э.Бат-үүл нь 410 тэрбум төгрөгөөр сүүлийн гурван жилд гараа угааж, 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендэрт хүүгийнхээ компанийг шалгаруулж, батламж гардуулсан зэрэг үндэслэлүүдийг дурдан, нийслэлийн төсвөөр хийгдсэн ажлуудын мөнгөн дүнг тооцсон, жагсаалт гарган тавьсан байсан юм. Асуудлын араас хотын дарга албан ёсны тайлбар хийж, МАН-ын нэр бүхий 12 гишүүнийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн билээ. Тэрбээр “Намайг санаанд багтамгүйгээр, хүний ёсноос гадуур гүтгэн, гүжирдэх кампанит ажлыг хэсэг нөхөд зохион байгуулалттайгаар өрнүүлж эхэллээ. Ялангуяа гүжир, гүтгэлгийг маш их хэмжээгээр хэвлэл, мэдээллээр цацаж байна. Энэ нь  надад болон миний гэр бүлд эдийн бус хохирол учруулсан" гэсэн юм.