10.23

Уулын дайтай буяныг туулайн чинээ нүгэл дагадаг юм байна

Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд олныхоо дунд явдаг болохоор аливаа асуудалд гярхай, соргогоор хандаж, цөөнгүй ажил санаачилж, тодорхой үр дүнд хүрсэн нь олонтаа. Тэдгээрийн нэг нь “MN 25 дугаар суваг” телевизийн хамт олны санаачилсан “1000 төгрөг” сайн үйлсийн аян байлаа. Тэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт нэн шаардлагатай донор арьс хадгалах хөргөгч, арьс зүсэгч цахилгаан ферматоми аппаратыг авч өгөх хөрөнгө цуглуулахаар сэтгэл шулуудаж, олон нийтийг уриалсан юм. Энэхүү санаачилгыг олон арван байгууллага, хувь хүн сайн санааны угаас тусалж дэмжсэний дотор МАН-ын гишүүд, дэмжигчид 2.8 сая төгрөгийн хандив өргөсөн байдаг. Эцсийн үр дүнд “1000 төгрөг” зорилтот сайн үйлсийн аяны хүрээнд долоохон хоногийн дотор 110 сая төгрөгийг хуримтлуулж, ГССҮТ-д шаардлагатай хоёр тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн сайн мэдээ нийтэд түгж амжаагүй шахуу байхад сайхан үйлсийг дагалдсан хар үгс мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн нь харамсалтай.

Олон арван хүний эрүүл амьдралын төлөө бусад нь зүтгэж явахад чоно борооноор гэдэгчлэн хувийн эрх ашиг, өчүүхэн олзын төлөө тэдний нэрийг барьж явдаг цөөн боловч хүн дүрст “чоно” байдаг л юм байна. “1000 төгрөг” аяны далбаан дор ичих ч үгүй хайрцаг барьж, итгэл үнэмшил төрүүлэхийн тулд худлаа үнэн хүмүүсийн нэрийн жагсаалт хийчихсэн томоохон худалдааны төвөөр явж байхад нь зальт этгээдүүдийг илрүүлэн саатуулжээ. Амьдрал, амьжиргаа хэдий хэцүү байгаа ч арай ингэж цагаандаа гарч болохгүй л дээ. Тэгээд ч олон мянган хүний цагаан мөртэй уул мэт их буяны дэргэд амин хувийн энэ өчүүхэн үзэл, хуурамч хар явдал нь туулайн чинээ сүүдэр юм даа, хөөрхий...

Д.Мөнхжаргал