10.23

Ц.Даваацэрэн: Би хуулийн дагуу хариуцлага үүрэхэд бэлэн

Шилэн дансаа хөтөлдөггүй эрхмүүдийг холбогдох газарт нь шалгуулах үндэслэлтэй гэж үзэн баримтыг нь АТГ болон Аудитын газарт өгсөн байгаа. Нэр бүхий долоон эрхмийн дотор “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн багтаж байгаа бөгөөд түүнийг шилэн дансаа хөтлөөгүй гэх шалтгаанаар огцруулж магадгүй болоод байгаа. Энэ талаараа тэрбээр тайлбар хийжээ. 

“Хууль дүрмийн дагуу хариуцлагаа үүрэхэд бэлэн. Гэхдээ аливаа хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хууль гэж байдаг. Шилэн дансны үндсэн зориулалт нь Монгол Улсын төсөв, төсвөөс санхүүждэг аж ахуйн нэгж, компани, төрийн байгууллагад илүү хамааралтай. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд уг хуулийг яаж хэрэгжүүлэх талаарх аргачлал нь одоохондоо гараагүй байна. Шилэн дансны тухай хуулийг баталсны дараа манай байгууллагаас Үндэсний аудитын газарт “Хамтарсан үйлдвэрүүд тус хуулийг хэрэгжүүлэх тусгай аргачлал байхгүй байна. Түүнийг гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг тавьсан. Үүний дагуу Үндэсний аудитын газраас Засгийн газарт хандсан. Тэгэхээр Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүдийн шилэн дансыг хөтлөх аргачлал, журмыг гаргасны дараагаар бид уг хуулиа хэрэгжүүлээд явна. Хэрэгжүүлэхгүй гэсэн бүдүүн зүрх байхгүй. Гэхдээ манай улсын Үндсэн хуульд олон улсын гэрээ хэлцэл нь тус улсынхаа дотоодын хууль, журмаас дээгүүр байна гээд заагаад өгсөн. Монгол  болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт “Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Гэхдээ шинээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ харилцан тохирч, журмын дагуу тохиролцоно” гэсэн байдаг. Нэгдүгээрт, Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүд дээрээ Шилэн дансыг хэрэгжүүлэх журмаа гаргаж өгөх ёстой. Хоёрдугаарт, энэ журмыг хэрэгжүүлэх гэж байгаа талаараа хувьцаа эзэмшигчид хуралдаж баталгаажуулах ёстой. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр аж ахуйн нэгж. Тэгэхээр бизнесийн нууц гэж юм бий. Түүнийгээ хязгаарлах ёстой. Ялангуяа олон улсын зах зээл дээр өрсөлддөг манай компанийн хувьд зарим зүйлийг нууцлах, аюулгүй байдлаа хангах зэрэг асуудал бий. Бид шилэн байна гээд хамаг зүйлээ дэлгээд бусдын өмнө унаад өгвөл сайн зүйл мөн үү гэдгийг бас харах ёстой” гэв.