Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б энэ сарын 17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон хэрэг гарчээ.
Энэ талаар 21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Улмаар сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 43 иргэн, хоёр автомашин, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн явцад үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тухайн өдрийн 22:05 цагт хайх ажиллагааг зогсоож, 22-ны өдрийн 07:00 цагаас эрлийн ажиллагааг дахин үргэлжлүүлж байна.
Эрлийн баг ”Зөөлөн мод”, “Товог” уулуудыг самнаж дууссан. Иймээс “Эмт”, “Хулст” нууруудад аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрлийн ажиллагааг явуулахаар болжээ.
Н.Болд