Цагдаагийн алба хаагчтай холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байгаа. Цагдаа хуулиа зөрчдөг, хариуцлага хүлээдэггүй, бусадтай дээрэнгүй өнгө аясаар харилцдаг, элдвээр харааж ерөөдөг гэх ойлголт олны дунд бий ч зарим тохиолдолд дээрх үйлдэл ортой байдаг. Тэгвэл хариуцлага алдсан цагдаа нар арга хэмжээ авдаг бөгөөд энэ оны эхний есөн сарын байдлаар 1028 цагдаа ёс зүйн алдаа гаргаснаас 55 нь ажлаасаа чөлөөлөгджээ.
Мөн иргэдээс 126 дугаарын утсанд цагдаагийн алба хаагчийн талаар гомдол мэдээлэл авдаг байна. Он гарснаас хойш 1028 алба хаагч ёс зүйн алдаа гаргасан гэдгийг тогтоож, 55 алба хаагчийг халжээ. Үлдсэн 973 алба хаагчийн цалинг хасах, албан тушаал бууруулах зэрэг шийтгэл ногдуулсан аж. Ёс зүйн зөрчил гаргасан 1028 алба хаагчаас нэг нь мөрдөх ажиллагаа явуулахдаа хүч хэрэглэсэн нь тогтоогдож, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн эрүүгийн хэрэгт оржээ.