10.24

Японы тусламжаар гэр хороололд 10 өрхийн эмнэлэг барина

Чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Ядуурал бууруулах Японы сангийн 2 сая ам.долларын техник туслалцаа (ТТ)-ны хоёр төслийн гэрээг байгуулав.

Монгол Улсын Засгийн Газар ба Азийн Хөгжлийн Банкны (АХБ) удирдлагууд гэрээнд гарын үсэг зурсан юм. Япон Улсын Засгийн Газраас нэн ядуу, эмзэг бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор 2000 онд анхлан энэ гэрээг байгуулсан. Азийн Хөгжлийн Банкны захиран зарцуулдаг Ядуурал Бууруулах Японы Сангаас дээрх хоёр төсөлд буцалтгүй тусламжийн санхүүжилт олгож байгаа юм.

Гарын үсэг зурах ёслолд Японы Элчин Сайдын Яамны Нэгдүгээр Нарийн бичгийн дарга ноён Хироши Фукасава оролцлоо. Тус бүр нэг сая ам.долларын санхүүжилттэй эдгээр төсөл нь тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй, эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад Засгийн газарт туслах юм.

“Монгол Улсад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ихээхэн ахиц дэвшил гарч байна. Гэвч зарим иргэнд эдгээр үйлчилгээг авахад бэрхшээлтэй хэвээр байна. Энэхүү техникийн тусламж чанартай үйлчилгээг хэрэгцээтэй бүх хүмүүст хүргэхэд Засгийн газарт тусална” хэмээн АХБ-ны Зүүн Азийн Хот байгуулалт, нийгмийн салбарын хэлтсийн дарга Сангэй Пэнжор хэлэв. Боловсролын салбарын ТТ-ны төслийн хүрээнд БСШУЯ, Боловсролын хүрээлэн, шинэчлэлийн баг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, зургаан аймгийн (Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Орхон, Увс, Завхан) Боловсролын газар, лаборатори сургуулиудыг хамруулах аж.

Эрүүл мэндийн салбарын төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор анхан шатны болон эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тусална. Энэхүү төслөөр гэр хороололд нэмж 10 өрхийн эмнэлэг, дүүргийн нэг эмнэлгийг барих АХБ-ны дараагийн төслийн бэлтгэл ажлыг хангахаас гадна нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах юм байна. 

Боловсролын салбарын ТТ-ны төсөл нь хоёр жил буюу 2017 оны долдугаар сар хүртэл, эрүүл мэндийн салбарын ТТ-ны төсөл нь 2016 оны наймдугаар сар хүртэл хэрэгжих юм.

АХБ нь Монгол Улсад 2014 онд

168.5 ам.долларын санхүүжилттэй Засгийн газрын хүрээний дөрвөн зээл;
40 сая ам.долларын санхүүжилттэй Засгийн газрын бус зээл;
10.31 сая ам.долларын тусламжийн санхүүжилттэй 15 техник туслалцаа буюу нийт 218.8 сая ам.долларын туслалцаа үзүүлсэн байна.