ГЕГ-ын байцаагч Н-ийн хүү Б.Бадрал нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч дахин хойшилжээ. Өмнө нь мөн хойшилж байсан уг хавтаст хэрэг энэ удаад өмгөөлөгч дутуу, хавтаст хэрэгт авагдах ёстой баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хойшилсон байна.
Сэжигтэн Б.Бадрал нь 2013 оны аравдугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх бодисыг хилээр оруулахыг завдсан билээ. Түүнийг байнга хилээр нэвтэрдэг ба Замын-Үүдийн байцаагч нар ч авч яваа эд зүйлсийг нь шалгалгүй шууд нэвтрүүлдэг байсан гэх.
Тодруулбал, тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа ийнхүү гаалиар хар тамхи зөөвөрлөсөн бөгөөд Гаалийн ерөнхий газарт томоохон албан тушаал эрхэлдэг ээжийнхээ нэрээр ийнхүү шалгуулалгүй өнгөрдөг байсан гэдэг. Түүний ээж нь Гаалийн ерөнхий газарт байцаагч хийдэг бөгөөд хүүгээ ийм төрлийн гэмт хэрэг хийж, хилээр гарч, ордог байсныг мэддэггүй байжээ.