10.26

Хар тамхи тээвэрлэх 800 метр урт хонгил илрүүлэв

АНУ болон Мексик Улсуудын хил дээр хар тамхи хууль бусаар тээвэрлэхэд ашигладаг хамгийн урт газар доогуурх хонгилыг илрүүлжээ. Цагдаа нар энэ ажиллагааны үеэр 22 хүнийг 12 тонн марихуан хар тамхитай саатуулсан аж. Мексикийн Тихуана хотоос Америкийн Сан-Диего руу хүрэх энэ хонгил газар доогуур 10 метрийн гүнд оршдог бөгөөд 800 орчим метр урт гэнэ. Энэ нь цагдаа нарын илрүүлсэн хамгийн урт хонгил болов. 

Зургаан сар мөрдөн шалгасны эцэст цагдаа нар хонгилын хоёр талаас нэгэн зэрэг дайрч орсон байна. Америкийн талаас зургаан хүнийг хоёр тонн марихуантай саатуулжээ. Харин Мексикийн талд 16 хүн 10 тонн марихуантай сууж байсан аж. Тэд бараагаа хил давуулахаар хүлээж байсан гэнэ. 

Ийнхүү цагдаа нар энэ бүс нутагт 2006 оноос хойш 10 дахь хонгилыг илрүүлж байгаа юм. Эдгээрийн дийлэнхийг нь хар тамхины наймаачдын хаан гэгддэг Хоакин Гусманы даалгавраар ухжээ. Гусман 2012 оны долоодугаар сард Мексикийн нэгэн шоронгоос камерынхаа шүршүүрт ордог хэсгээс ухсан 1.5 километр урттай хонгилоор дамжиж оргосон билээ.