Сүүлийн үед автобус унаагаар явж байхад нэгэн зүйл нүднээ их тод сайхан харагдах боллоо. Хотын гудамж талбайд төвхнөсөн ресторан, зочид буудал, албан байгууллагууд нэр хаягаа монгол бичгээр бичих болсонд талархууштай. Өмнө нь Улаанбаатар хотын гудамжаар алхаж, автобус унаагаар зорчиход хүмүүс “Хаана яваагаа мэдэхээ больчихлоо, хаягийг нь ойлгохгүй юм” гэж ярихыг олонтаа сонсдог байлаа. “Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, албан байгууллагууд хаягаа монгол, кирилл үсгээр бичих ёстой” гэсэн шийдвэрийг хэрэгжүүлж ийнхүү хаягаа өөрчлөх болсон нь сайшаалтай хэрэг. Гэвч Нийслэлийн ИТХ-аас гаргасан эл шийдвэрийг биелүүлэхэд хэтэрхий удаан хойрго хандаж буй нь ажиглагдаж байх юм. Аль эрт буюу бүтэн жилийн өмнө НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны нэгдүгээр сард 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн баталж, өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа юм. Журамд заасанчлан худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудын гаднах хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй байх ёстой. Үүнээс хамгийн чухал нь нэр хаягаа монгол кирилл үсгээр бичих ёстой юм. Тэгэхдээ гадаад үг, үсэг бүхий хаягтай байж болохгүй гэж заагаагүй аж. Тиймээс асуудал хаашаа, аль тал уруугаа шийдэгдэх нь бас эргэлзээтэй хэвээр байгаа юм. Бүхэл бүтэн жилийн хугацаа өнгөрчихөөд байхад англи хэл латин үсгээр бичсэн нэр хаяг цөөрөөгүй байгаагаас харахад манайд хууль тогтоол шйидвэр хэрхэн, яаж хэрэгждэгийн тод жишээ энэ болж байна.
Г.Нямсүрэн