Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд шүүгчдийн цалингийн санг 35 хувиар бууруулахаар тооцсоныг эсэргүүцэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны төсвийг өргөн барихдаа цалин, нийгмийн даатгалын санг 2015 оны батлагдсан төсвөөс 10.8 тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн цалинг бууруулах тогтоолын төсөл, шүүх эрх мэдлийг Гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус байлгах зохицуулалт бүхий холбогдох хуулийн заалтуудыг хүчингүй болгох хуулийн төслийг эдийн засаг хямарч буй нэрийн доор өргөн барьсан.
Ингэснээр гүйцэтгэх эрх мэдлээс хараат болох, засаглалын тэнцвэр алдагдах эхлэлийг тавих эрсдэлтэй болгож байна.Шүүгч иргэний эрхээ хуулиар хязгаарлуулсан, цалингаас өөр орлого олох ёсгүй, шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг, шударга ёсны манаач байх ёстой. Гэтэл цалинг нь таначихвал шүүгч нарын хараат бус байх ёс алдагдах магад” хэмээн мэдэгдсэн юм.
Мөн тэдний мэдээлж байгаагаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн төсөлдөө Шүүгчийн албан тушаалын цалинг 30 хувиар багасгаж буй гэсэн боловч бодит байдал дээр 44-63 хувь буурахаар байгаа ажээ. Шүүгчийн дийлэнх олонх буюу анхан шатны шүүгч, анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн албан тушаалын цалин 62-63 хувь буурч байгаа юм байна.
Энэ нь шүүгч нарын албан тушаалын цалин эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна гэсэн хуулийн заалт зөрчигдөх, шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдал алдагдахад хүрч болзошгүй хэмээн үзэж байгаа аж.