10.28

Дэлхий Монгол брэндээр “цангаж” байна

Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө дагуулж байсан уул уурхайн супер цикль дуусгавар болсноор монголчууд одоо л хөрсөн дээрээ бууж ирлээ. 2013 оноос хойшхи жил дараалсан уул уурхайн түүхий эдийн уналт, хөрөнгө оруулалтын тасалдлын үр дүнд бид польш огурцы, англи тахианы тансаглалаас татгалзаж, үнээ хөөсрүүлсэн олон ч бараа бүтээгдэхүүн бодит хөрсөндөө бууж ирэв. 

Хэтэрхий өндөрт дүүлэн нисч байсан монголчууд хэт хатуу газардаагүй ч, эдийн засгийн салбарт туссан хүндхэн ханиадыг эмчлэх арга одоогоор олж чадаагүй байна гэхэд хэтийдэхгүй. Салбар бүр рүү үсчиж, хаана хэмнэлт таналт хийж болох, төсвөө хэрхэн алдагдалгүй батлах вэ хэмээн тал бүрээр бид ханиадны эмчилгээг олох гэж оролдсоор. Гэвч түр зуурын аргацаасан эмчилгээ хийж явсаар өнөөдрийг хүрч байна. 

Төрийн нүд чих түр зуурын шоу, иргэдийн халаасны орлого руу чиглэж байгаа ч эдийн засагт асар их нөлөө үзүүлэх үйлдвэрлэлийн салбараа өнөөдрийг хүртэл анхаарч үзсэнгүй. Анхаарахыг ч хүсэхгүй байна. Гэвч тэд өөрсдийгөө олны анхааралд хүргэж чадлаа. Салбар яамныхаа дэмжлэгтэйгээр Монгол Улсын үйлдвэрлэл эрхлэгч зуу, зуун аж ахуйн нэгжүүд тэрбум 700 сая хүн амтай БНХАУ-ын зах зээлд гарах боломж өнгөрөгч долоо хоногт бий болов. Маш том зах зээл Монголын үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө үүдээ нээж байна. Тэд органик, цэвэр байгалийн гаралтай “монгол брэнд”-ээр цангаж байжээ. 

Тодруулбал, БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны хамтын ажиллаагааны хүрээнд хийгдсэн хамгийн эхний том ажил болох Хятад-Монголын анхдугаар экспогоор олон тэрбумын бараа бүтээгдэхүүн борлуулж, мөн хөрөнгө оруулалтыг дуудаж, улмаар үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилж чадлаа.  

Монгол брэндтэй, гэвч...

Яг энэ асуудлыг олон зуун хөрөнгө оруулагчид хэлж байлаа. Танайд брэнд болгох түм буман бүтээгдэхүүн байна. Тэр тусмаа органик. Харамсалтай нь сурталчилгаа алга. Цаашлаад зах зээлдээ хэт баригдаад дэлхийн брэнд гаргах ажилд хэт хойрго хандаж байна гэсэн зүйлийг тэд ярьж байлаа. Хятад улсын хэтийн сонирхол бол Монгол Улсын санаачилсан “Талын зам” төслийг ажил хэрэг болгох. Гэхдээ “Шинэ зууны торгоны зам” хэмээх ЕвроАзийн 88 улс оронтой худалдааны шинэ түүхийг бичих БНХАУ-ын сонирхол, манай талаас дэвшүүлсэн “Талын зам” төсөлтэй уялдсанаар асар том боломжийг нээж чадах юм. 

Далайд гарцгүй ч хуурай газрын 44 хувийг, дэлхийн нийт хүн амын 4/3 амьдарч буй асар том зах зээл биднийг хүлээсээр. Үйлдвэрлэлээ явуулаад, брэндээ нийлүүлээч хэмээн тэд хүсч, бас хүлээж байгаа. Салбарын сайдын хэлсэнчлэн дэд бүтцийн манаач биш, бид оролцогч, үйлдвэрлэгч, аж үйлдвэржсэн орон байх боломжийг дээрх хоёр том төслийн хүрээнд бий болгох учиртай. Өмнөд, хойд хөршийн хэмжээнд Талын зам төсөл, ЕвроАзийн орнуудын хэмжээнд Шинэ торгоны зам төсөл нэгэнт ажил хэрэг болох замдаа шуударчээ. Харин бид бэлэн үү. Манаач биш оролцогч орон байх бэлтгэл хангагдсан уу. Харамсалтай нь өнөөдөр бидэнд бариад очих цаасан дээрх төслөөс өөрөөр хийсэн ажил алга. Монгол брэндтэй. Гэвч тэр нь юу байх вэ. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжуулах үйлдвэр хаана байна. Эсгий тавчик, түрийвчнээс хэтэрсэн үндэсний брэнд байна уу. 

Мах махан бүтээгдэхүүний асар том зах зээл биднээс хэдхэн мянган км-ын цаана байхад энэ талаар бид том зорилго тавьж чадсан уу. Гэх мэтээр асуух асуулт олон байна. Харин хариулт тун хангалтгүй байгаа юм. Хятад-Монголын анхдагч экспод бид хоёр тэрбумын бараа бүтээгдэхүүнтэй очсон. Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт тэрбум, тэрбум юанийн гэрээг үзэглэлээ. Хөрөнгө оруулагчид эко бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах хүсэл сонирхлоо илэрхийлэв. Экспог сонирхохоор ирсэн 10 хүн тутмын тав нь тэндээс худалдан авалт хийгээд гарах аж.
 
Тэр тусмаа зөгийн бал, монгол ноолуур, мах махан бүтээгдэхүүн, архи үндэсний брэнд гэдэг онцлогоо хадгалж чадаж байлаа. “Монголын брэнд” гэсэн хаяг шошгоо тэд хадгалж чадаж. Гэсэн ч хатуухан хэлэхэд, бид өнөөх л эсгий таавчик, түрийвч, түлхүүрийн оосорноосоо салаагүй л явна. Брэнд бүтээгдэхүүн гаргах, улмаар гурван хөршийн эдийн засгийн коридор байгуулах, том төслүүдийн оролцогч болох ажил хангалтгүй байна, улстөрчид өө. ЕвроАзид бид эсгий таавчик, дээл, хэдэн монгол цамцаар гарахгүй. Харин нефтийн үйлдвэрээ барьчихсан, төмөр замаа тавьчихсан, нэмүү өртөг шингэсэн брэнд үйлдвэрлэж байж том ярина, тэд ч бидэнтэй том харьцана. Аж үйлдвэрийн орон болох алхмаа хурдан хугацаанд хийж чадсанаар бид хоёр хөрштэйгээ эдийн засгийн коридор, хил дамнасан чөлөөт худалдааны талаар ярина. Гэтэл байгуулсан яамаа татан буулгах талаар өнөөдөр улстөрчид маань талцаж хэрэлдээд сууж байх жишээтэй Дэд бүтцийн хувьд хоёр хөршөөсөө, ЕвроАзийн 88 улсаас нэг алхам хойно явж байна. 

Нэг байгууллагыг нийлүүлж салгах, төрийн албаны цалинг бууруулах бус брэнд төрүүлэх, брэндээ сурталчлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнтэй болох талаар ажлаа эхэлье. Эс тэгвээс Талын зам, Торгоны зам биднээс холуур өнгөрч, бид дэд бүтцийн манаач хэвээр үлдэх вий. Хил дамнасан чөлөөт бүсээ хөгжүүлье. Тэр тусмаа гаалийн онцгой албан татвар болон татварын бус дарамтуудаар чөдөрлөгдсөн монгол брэндээ дэлхийд гаргах ажлыг хийе. Өмнө нь мах махан бүтээгдэхүүн, архи, спиртны төрлийн бүтээгдэхүүн гаалийн татварын жижигхэн асуудлаас үүдэн хилээр гарч чадахгүй байсан. Гэсэн ч сургаар, дам яриагаар тэд монгол махны амтыг мэдрэхсэн гэж хүсч байсан нь илт ажиглагдлаа. 

Инноваци худалдаж авъя 

Хоёр Засгийн газрын хоорондын ойлголцол асар том боломж нээдэг гэдгийг нүдээр үзлээ, харлаа. Өөрөөр хэлбэл, татварын асуудлаас болоод л гацчихдаг байсан жижиг асуудлыг ямар хурдан хугацаанд ажил хэрэг болгож чадсан бэ гэдэг нь экспогийн үеэр ажиглагдаж байсан юм. Хятадын талтай харилцан ойлголцож чадсанаар манай үйлдвэрлэл эрхлэгчид тэндээс ганзага дүүрэн олзтой ирлээ. Шилийн гол зэрэг хэд хэдэн том зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдээ гаргахаар лангуу, павилон түрээслэхээр боллоо.

Хил дамнасан сурталчилгааг хийж чадвал жижигхэн зах зээлдээ тааруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бус том зах зээлд том мөрөөдөл, том ажил хэрэг эхлүүлэх боломж манай үйлдвэрлэл эрхлэгчдэд бий болчихож. Техник технологийн хувьд хоцрогдоогүй гэдгээ ч баталж байна. Анхдугаар уулзалтын үеэр яригдсан нэг гол сэдэв бол инноваци, шинэ технологийн асуудал байсан. Нэг жишээ дурьдая. Монголоос ирж ноолууран бүтээгдэхүүн худалдаж авсан америк залуу нөгөөхөө хэрхэн арчлахаа мэдэхгүй угааж орхижээ. Эхнэр, хоёр хүүхэд, өөрийгөө өвч ноолуураар гоёсон ч өнөөх нь сарын дараа л ямар ч хэрэггүй хүүхэлдэйнд өмсгөхөд ч багадахаар “эсгий” болчихсон гэдэг. Өөр нэг жишээ хэлье. Японоос ирсэн залуу эхнэртээ тансаг ноолууран ороолт аваад явжээ.

Гэсэн ч борооны усанд нэг, хоёр удаа орсны дараа өнөөхөөс нь тийм гэхийн аргагүй сонин үнэр үнэртэж, эхнэр нь хоёр удаа өмсөөд л хогийн саванд хийчихсэн жишээ байна. Эндээс уншигч та нэг зүйлийг ойлгосон нь лавтай. Өнөөх л сурталчилгаа, мөн техникийн хоцрогдол. Хэрвээ ноолуурыг хэрхэн арчлах талаар англи, монгол, өөр бусад хэлээр хавсаргасан брошур, тараах материал өгчихдөг бол ийм асуудал гарахгүй. Дэлгүүрт зогсч буй худалдагч нар яриад, тайлбарлаад өгдөг бол ийм асуудал яригдахгүй. Үүнээс гадна ноолуураа үнэргүй болгох технологийг яагаад брэнд төрүүлэх гэсэн компани, аж ахуйн нэгжүүд сонирхохгүй байна вэ. Энэ сэдэв анхдугаар экспогийн үеэр яах аргагүй хөндөгдөж байсан. Нөгөө талаар үнэхээр органик бүтээгдэхүүн гэдэг итгэл худалдан авагчдад төрөхгүй байгаа нь ажиглагдаж байсан. 

Харин Хятадын зах зээл үүнийгээ бар кодыг уншуулах шинэ технологиор шийдчихэж. Монгол залуу ноолуурыг үнэргүй болгох бодисыг нано технологийн аргаар бий болгосноо энд танилцууллаа. 500 гр хүрэхгүй савтай шингэнийг нэг тонн усанд найруулж ноолуураа угааснаар бороонд норсны дараа үнэртдэг тэр үнэр оргүй алга болно гэсэн үг. Ноолууран бүтээгдэхүүний салбарт шинэ хувьсал авчрах бүтээгдэхүүнийг бий болгочихож. Одоо түүнийг нь худалдан авах зах зээл л хэрэгтэй. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч олон арван компанийн асуудал шийдэгдэж байна. Ордос хотын Үзэмчин хошууны монголч эрдэмтэн н.Чулуун автомашины агаарын бохирдлыг бууруулах, байгальд үзүүлэх хор нөлөөг бууруулах шинэ технологи бий болгосон байна. 

Үүнийгээ Монгол Улсад санал болгож, цаашид дэлхийн зах зээл дээр патентийг нь эзэмших боломж байгааг дуулгав. Энэ мэтээр инноваци, шинэ технологийн олон арван санаа экспогийн үеэр хөндөгдөв. Монгол Улс инновацийн хөгжлийн хувьд нэн шинэ үедээ байгаа. Монгол залуус дэлхийд гарахаар өрсөлдөж буй ч дэлхийн хөгжлийг хараахан гүйцэх болоогүй. Гэхдээ бидэнд инноваци худалдаж авах боломж бүрэн дүүрэн байна. Мөнгө олох боломжтой, зах зээлд эрэлттэй байгаа инновацийн патентийг авчихсан байхад тэндээс орох ашиг орлого хэд нугалрах нь дамжиггүй. Энэ талын судалгааг хангалттай хийгээд, эхний ээлжинд бид шинэ санаанд хөрөнгө оруулж, уул уурхайгаас орж ирэх мөнгөн дүнгээ инновацийн салбарт оруулах гарц байгааг энэ дашрамд сануулахыг хүслээ. Эцэст нь хэлэхэд бидний хойно урд хоёр том зах зээл байна. 

Цаашлаад хоёр хөршөөрөө дамжаад гуравдагч орны зах зээлд гарах ч боломж байна. Гэхдээ эсгий тавчик, түлхүүрний оосроор биш. Европын холбооны улсад татваргүй гаргах 7200 бараа бүтээгдэхүүний зарим зах зээлээ хоёр улсын хөрөнгө оруулагчдад ашиглуулж хамтын үйлдвэр байгуулах гарц нээлттэй байна. Япон улс руу гаргах 5700 татварын хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүний зах зээл эзнээ хүлээсээр л байгаа. Дэлхий дахин органик, элдэв химийн бодис ороогүй хүнсний бүтээгдэхүүнээр цангаж байна. Харин тэр бүхэн нь бидэнд байна. 

Б.Өнөртогтох