Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь өртөөний дарга согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, талийгаач М нь хориотой бүсэд явж байгаад ийнхүү амиа алдсан байна. Энэ талаар ЦЕГ-ын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн дарга А.Лхагвадоржоос тодруулахад “Өнгөрсөн есдүгээр сарын 06-ны үүрээр М нь хориотой бүсэд явж байгаад галт тэргэнд дайруулж амиа алдсан. Хэрэгт галт тэрэгний машинистыг буруутай байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн. Машинистууд дуут дохио өгөөгүй, тоормосоо татаагүй байна уу гэдгийг шалгасан. Шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэн хориотой бүсэд явж байсан иргэн буруутай болохыг тогтоосон. Тиймээс машинистын хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорын байгууллагад хүргүүлээд байна” гэв.
Уг хэрэг хэдийгээр өнгөрсөн есдүгээр сард гарсан ч УБТЗ-ынхан хэргийг нуун дарагдуулсан байна.