Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн гурван ажилтан өнгөрсөн баасан гарагт “VENUS” бааранд нэгэн иргэнийг зодож амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн юм.
Энэ сарын 24-нд уг хэрэг гарсан бөгөөд хэргийн газар дуудлага авсан цагдаагийн албан хаагчид очиход Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангид алба хааж байсан цэргийн албан хаагчийг таван хүн зодож амийг нь хөнөөсөн гэх хэрэг гарсан юм. Энэ хэрэгт холбогдсон таван залуугийн гурав нь ЦЕГ-ын Тусгай хэлтсийн хоёр ахлах дэслэгч, нэг ахлагч цолтой хүн байсан гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар дөнгөж сая ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Уг хэрэгт цагдаагийн албан хаагч холбогдсон байж болзошгүй гэсэн таамаг байгаа бөгөөд хэргийг одоо шалгаж байна гэсэн мэдээлэл өглөө.
Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төсвийн ажилтан, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Хохирогч этгээд гадны нөлөөтэй нас барсан байсан. Энэ хэрэгт цагдаагийн албан хаагчид холбогдсон байж болзошгүй байгаа.Одоогоор сэжигтэн таван этгээдийг 461 дүгээр ангид цагдан хориод байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Цагдаагийн ёсзүйг уландаа гишгэж энэ мэт ёсзүйгүй гэмт хэрэгт цагдаагийн албан хаагчид өртөх нь ихэслээ. Тодруулбал, одоогоос жил гаруйн өмнө цагдаагийн албан хаагч дэлгүүр дээрэмдсэн хэрэг гаргаж байсан бол мөн л цагдаагийн байгууллагад шинжээч хийдэг Т.Цогт гэх залуу төрсөн охиноо зодож хөнөөсөн, улмаар урсгал сөрж давхисан цагдаагийн албан хаагчид гарцаар гарч байсан охиныг хөнөөсөн хэрэг одоо хүртэл шалгагдсаар байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр мөн л Цагдаагийн албан хаагчид нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Монголын цагдаагийн байгууллагад чөтгөр шүглэв үү, эсвэл төрийн цагдаагийн хувцас дор ийм ёсзүйгүй, нинжин сэтгэлгүй араатнууд бэлтгэн гаргаж байна уу гэдгийг эргэж анхаарахад гэмгүй болжээ.
Б.Тогтох