10.28

Н.Түмэндэмбэрэл нарын ялыг биечлэн эдлүүлнэ

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцжээ. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх  Н.Түмэндэмбэрэлийг төрийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулсны улмаас их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг зохион байгуулсан, Б.Болор, Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр, Ё.Мөнхтуул нарыг уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Давааг мөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутай хэмээн үзэж,  Н.Түмэндэмбэрэлийн төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаатай хасч, гурван жил хорих ял, Б.Болорын төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаатай хасч, хоёр жил хорих ял, Ё.Мөнхтуулын төрийн албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаатай хасч, хоёр жил хорих ялаар тус тус шийтгэжээ.    
  
Түүнчлэн Ч.Мөнхдэлгэр, Д.Даваа, Я.Түвшинтөр нарт тус тус төрийн албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаатай хасч, нэг жил зургаан сар хорих ял оноож, мөн ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Ё.Мөнхтуулд хоёр жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, харин Б.Болор, Д.Даваа нарт холбогдох хэргийг энэ хэргээс тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан аж. 

Тэгвэл Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Н.Түмэндэмбэрэл нарын таван этгээд бүлэглэн албан тушаалаа урвуулж, Эрүүл мэндийн яамнаас зарласан удаа дараагийн тендерт хууль зөрчин өөрсдийн хамаарал бүхий компанийг шалгаруулж, хүнд хор уршиг учруулсан гэм буруутай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан Тендер шалгаруулах журмыг зөрчсөнөөр төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах зарчим зөрчигдөж, эмнэлгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашиг хохирсныг энэ гэмт хэргийн улмаас учирсан хүнд хор уршиг гэж үзсэн байна. 

Энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг арилаагүй зэргийг харгалзан Н.Түмэндэмбэрэл, Ё.Мөнхтуул, Ч.Мөнхдэлгэр, Я.Түвшинтөр нарт оноосон хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Дээд шүүх үзэв.