10.30

Б.Батзориг: Бодлогогүй салбарт хэзээ ч сэргэлт гарахгүй

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд асан Б.Батзоригтой ярилцлаа. Тэрбээр МАН-аас зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форумын гурав дахь өдөр “Үйлдвэржилт, хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдааныг даргалсан юм. 

-“Бид хамтдаа” үндэсний хэмжээний форумын салбар хуралдааныг даргалсан хүний хувьд үр дүнг нь хэрхэн харж байна вэ. Олон талын оролцоотой, өргөн хүрээний форум болж байна шүү дээ? 

-МАН яг цаг үеэ олсон үндэсний форумыг зохион байгуулж байна. Үндсэндээ нийгэмд хүлээлттэй сэдвээр форум зохион байгуулж байгаа нь маш их ач холбогдолтой. Энэ форумыг дагаад хэд хэдэн салбар хуралдаан болж байгаа. Өнөөдөр манай орны улс төр, эдийн засаг маш хүнд байна. Бүр дампуурлын хэмжээнд ирчихлээ гэж хэлж болохоор байгаа энэ үеийг бид хэрхэн даван туулах вэ гэдэг арга замыг л манай нам хайж байна. Өөрөөр хэлбэл, улс орны хэмжээнд тулгараад байгаа бэрхшээлийг МАН ганцаараа даван туулж чадахгүй. Тиймээс ч улс төрийн бусад хүчин болон ард иргэд, аж ахуйн нэгж, салбар бүрийн эрдэмтэн мэргэдийн үгийг сонсъё гэж байгаа юм. Үүний дүнд цаашид хэрхэх вэ гэдэг арга замыг олъё, асуудлыг цаашид хэрхэн шийдэх нь зүйтэй юм бэ гэдэг арга замыг тодорхойлъё гэсэн зорилгоор үндэсний хэмжээний форумыг зохион байгуулж байна. Нэр нь ч гэсэн “Бид хамтдаа” уриан дор болж байгаа юм. Хамтдаа шийдлийг хайна гэдэг агуулгатай. Ер нь харж байхад салбар хуралдаан бүрт заал дүүрэн хүнтэй байна. Энэ нь тухайн салбарын эрдэмтэн, мэргэд, бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд төрдөө үгээ хэлэх зорилготой байгаагийн илрэл юм. Тэд харин юу ярьж байна гэвэл төр бүх зүйлд хэтэрхий хутгалддагаа болимоор байна гэдэгт санал нэгдэж байна. Ерөөсөө бизнесийнхэн ажлаа хийе, төрийнхөн ажлаа хий л гэж байна. Төр салбар бүрт хэтэрхий их хутгалдаж байгаа учраас бизнесийн орчин хөгжихгүй байна гэдгийг хэлж байна шүү дээ. 

-Таны хувьд хөдөө аж ахуйн салбар хуралдааныг даргалсан. Энэ салбарт өнөөдөр ямар асуудал тулгамдаад байна вэ. Түүнээс гарах шийдлийг хэрхэн тодорхойлов? 

-Манай салбар хуралдаанд эрдэмтэн мэргэд, судлаачид, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжээс гадна төрийнхний төлөөлөл ирж маш идэвхтэй оролцсон. Манай хуралдаанаар гурван илтгэл ол- ны сонорт хүрсэн. Илтгэгчид маш сайн илтгэл боловруулсан байсан. Тухайлбал, манай салбарт хүлээлттэй байсан эмзэг асуудлуудыг хөндсөнөөс гадна цаашид жижиг дунд үйлдвэрлэл, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар хэрхэн хөгжих бодлого нь яаж гарах ёстой талаар цаг үеэ олсон илтгэлүүд болсон байна лээ. Оролцогчид ч энэ хүрээнд өөрсдийн санал бодлоо хэлсэн. Мөн манай салбарын тэргүүлэх докторууд үгээ хэлсэн гээд үр дүн сайтай хуралдаан боллоо. Хэлэлцүүлгийн явцад нэг зүйлийг хурцаар гаргаж ирсэн нь салбарын бодлоготой холбоотой. Өөрөөр хэлбэл, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого маань 2003 онд батлагдаад энэ жил дууссан. Энэ бодлогыг батлахад салбар ямар байсан бэ гэдгийг дурсаж ярилцсан. Тухайлбал, энэ бодлогыг батлах үед хөдөө аж ахуйн салбар үндсэндээ уналтад орсон, тариалангийн талбайнхаа 30 хүрэхгүй хувийг эргэлтэд оруулсан, жилд хураах улаанбуудайнхаа 25 хувийг л авдаг. Хүнсний ногооны тариалалт үндсэндээ зогссон, мал 20 сая хүрэхгүй байдалтай л байсан. Харин ийм үед Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримлах бодлогыг баталснаар энэ салбарт хөрөнгө оруулалт эхэлсэн. Дээрээс нь энэ бодлогыг дагуулж хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тухайлбал, “Атрын III аян, “Монгол мал”, “Ногоон алт” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үндсэндээ газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл сэргэсэн. Харин одоо бодлогоо тодорхой болгох, тариалангийнхаа талбайг хамгаалах, газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгох гэх мэт эрх зүйн талаасаа шийдвэрлэх шаардлагатай маш олон асуудал байна. Дээрээс нь төрөөс бодитой, томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгийг ч хөндөж ярилаа. 

-2003 онд салбар бодлоготой болсноор ямар сэргэлт гарсан талаар танилцуулна уу? 

-Бид өнөөдрийн байдлаар улаанбуудайгаа 100 хувь дотоодоосоо хурааж авдаг, тэр бүү хэл экспортлох хэмжээнд ярьдаг болсон шүү дээ. Гурилаа ч мөн 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг, мал маань өсч 50 гаруй сая боллоо гэх мэтээр өнгөрсөн хугацаанд энэ салбарт төрөөс хэрэгжүүлсэн бодлого маш үр дүнтэй байсан. Гэтэл өнөөдөр манай салбар бодлогогүй болсон. Тиймээс энэ салбарын бодлогыг маш яаралтай боловсруулж, УИХ-аар оруулан батлуулах хэрэгтэй байна. Ерөөсөө өөрийн гэсэн бодлоготой байж тухайн салбарын хөрөнгө оруулалт өснө, тухайн салбарт ажиллагсдын урам зориг ч нэмэгдэнэ гэдгийг салбар хуралдаанаар нэлээд ярьсан. Тийм учраас Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогоо яаралтай УИХ-аар оруулж батлуулах хэрэгтэй. 

-Бодлого боловсруулах, батлуулах ажил ямар шатандаа яваа юм бэ. Салбарт ажиллаж байсан хүний хувьд асуухад энэ жил гантай байсантай холбоотойгоор багагүй хэмжээний ургац алдахаар байгаа шүү дээ? 

-Яаман дээр ажил нь эхэлсэн. Ерөнхийдөө бичиг баримт гараад УИХ-аар эхний байдлаар оруулаад гаргасан. Ингээд уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж шийдсэн байгаа. Гэхдээ л цаг хугацаа маш их алдаж байгааг бодолцож бодлогоо яаравчлах хэрэгтэй. Нөгөө талаас манай салбар цаг агаараас шууд хамааралтай байдаг. Гэтэл энэ жилийн хувьд гантай байсан учраас бид ургацаа алдсан. Тиймээс манай газар тариалангийн үйлдвэрлэл 2008 оны төвшинд хүрсэн. Энэ бол ухралт. Тэгэхээр бид энэ ухралтыг яаралтай нөхөж авах ёстой. Үүний тулд бодлогоо хурдан гаргаж батлуулах нь чухал. Дээрээс нь манай салбар хуралдаанд оролцсон хүмүүсийн олонх нь улаанбуудайн үнийг чөлөөлөх ёстой гэдэг саналыг хэлж байна. Бид энэ саналыг бас бодож үзэх л ёстой. Яахав хөдөө аж ахуйн биржийг бид ажиллуулаад эхэлсэн. Түүгээр үнээ чөлөөтэй гаргах учиртай. Ер нь хуралдааны явцад энэ мэт бэрхшээлийг салбарынхан маань ярьж байна. Цаашлаад манай аж үйлдвэр, хөдөө аж ахуй л Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах гол салбарын нэг гэдгийг манайхан хэлж байна. Ер нь газар тариалангаа шүтэж амьдрах биш хөдөө аж ахуйн салбартаа бид хөрөнгө оруулалт хийе. Хөдөө аж ахуйн салбараа босгож, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх боломж байгааг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс онцолж байлаа. Бид өнөөдөр форумын төгсгөлд салбар бүрт тулгамдсан асуудлыг хэлэлцэн багцалж цаашид ямар бодлогоор ажиллавал зүгээр вэ гэдгээ тодорхойлох юм. 

-2003 онд бодлоготой болсноор хөдөө аж ахуйн салбарт тодорхой ахиц гарсныг та хэлсэн. Тэгвэл өнөөдөр хүрсэн төвшнөө унагаахгүйгээр хөгжүүлэх цаашлаад улам илүү ахиц гаргахын тулд яаж ажиллах ёстой юм бэ? 

-Өнөөх л бодлогоо яаравчлах хэрэгтэй байна. Бодлогогүйгээр салбар явна гэж байхгүй. Үндсэндээ өнөөдрийн байдлаар манай салбар бодлогогүй байна шүү дээ. Тиймээс гарч байгаа шийдвэрүүд нь дандаа алдаатай байна л гэсэн үг. УИХ- аар бодлогоо яаралтай батлуулж байж аж ахуйн нэгжүүд тодорхой хөрөнгө оруулалт хийнэ. Бодлого нь тодорхойгүй учраас өмнө нь хөдөө аж ахуйн салбарт гаргасан амжилтуудаасаа ухраад байна шүү дээ. Гэхдээ бид энэ ухралтыг цаашид зогсоохын тулд бодлогоо гаргаж, тодорхой болгох хэрэгтэй байна. 

-Салбар хуралдаануудыг харж байхад салбар бүрт төрийн оролцоо хэрээс хэтэрсэн учраас хүлээс болж байна гэдэг зүйлийг яриад байна л даа. Таны удирдсан салбар хуралдаанд энэ талаар яриа өрнөж байх юм уу. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд юу чөдөр тушаа болж байна вэ? 

-Манай хуралдааны үеэр ч гэсэн энэ талаар их ярьсан. Төр ерөөсөө бүх зүйлд хутгалдаад байна. Хэн хэн нь хийх ажлаа хиймээр байна гэдгийг маш олон аж ахуйн нэгж, эрдэмтдийн төлөөлөл хэлж байна лээ. Төр хувийн хэвшлийнхний ажилд битгий оролцооч гэж хүсч байна. Тэгэхэр улс төржилт манай салбар төдийгүй Монгол Улс даяар газар авчихаад байна. Гэтэл угтаа энэ их улстөржилт хэрэггүй юм шүү дээ. Хаана хаанаа ногдсон ажлаа л хийх нь чухал. 

М.Өнөржаргал